АН-ын бүлгийнхэн мөн ирэх оны төсвийн төслийн талаар ярилцжээ. Хуралдааны дараа тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийсэн бөгөөд “Монголбанк, Үндэсний аудитын газар болон Үндэсний статистикийн хорооныхноос мэдээлэл авч байна. Ирэх оны төсвийн тухайд эдгээр байгууллагынхан ямар байр суурьтай байгааг сонсох нь чухал. Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банк, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг тусад нь тооцож байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан нь Засгийн газрыг өмөөрч, “бөөрөнхийлж” байна. Ер нь Засгийн газрын төсвөөс гадуурх зарцуулалт ихэссэн. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж байгаа” гээд холбогдох байгууллагууд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хараат бусаар ажиллахыг шаардав.
Мөн эрх баригчдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгааг сөрөг хүчнийхэн хэлэлцэх гэнэ. Энэ талаар гишүүн Н.Ганибал “Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед МАН-ынхан сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлж байгаа, эсэхийг хянах нь чухал. Эрх баригчид улсын өрийг багасгах бус, нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.