2013 оноос хойш тэмдэглэж буй Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр өчигдөр тохиов. Уг өдрийг угтан байгаль хамгаалах байгууллагууд нийслэл, орон нутагт арга хэмжээ зохион байгууллаа. БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “уулын эзэн”-ий экологийн ач холбогдлыг таниулах, байгаль хамгаалалд хүүхэд, залуусыг уриалах зорилготой өдөрлөг хоёр өдөр болсон юм. Үүнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч оролцсон бөгөөд тэд “Цоохор найз” хүүхэлдэйн кино, гэрэл зургийн үзэсгэлэн үзжээ. Мөн Увс аймгийн Улаангом сумд “Ирвэстэй нөхөрлөсөн 10 жил” өдөрлөг бямба гарагт болов. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачилсан эл арга хэмжээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн 32 эко клубийн сурагчид оролцож, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, туршлагаасаа хуваалцжээ. Зохион байгуулагчид энэ үеэр сурагчдад “Миний онцгой найз” танин мэдэхүйн хүүхэлдэйн кино үзүүлж, багш нар “Миний нутгийн хаан” сэдэвт хичээл заан, цаг уурчид уур амьсгалын өөрчлөлт Алтайн уулсын экосистемд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны үр дүнг танилцуулсан байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд мөнх цас эрчимтэй хайлах болсон нь өндөрлөг уулс бараадан амьдардаг тус амьтны популяцад томоохон сорилт, бэрхшээл болж байгааг судлаачид дурджээ. Ташрамд дурдахад, эко клубийн сурагчид “Ирвэстэй нөхөрлөсөн 10 жил”-ийн нээлтэд оролцохдоо хог хаягдлаар урласан, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг харуулсан загвартай хувцас өмссөн байна.