Аж үйлдвэрийн IV хувьсгалын гэх энэ эрин зуунд хүн төрөлхтөн хил хязгааргүй мэдээллийн урсгал бүхий өөр нэг “ертөнц”-д давхар аж төрж байна. Тэнд хүмүүс өөрсдийн гэсэн орон зайг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, мэдээлэл солилцож, хорвоо ертөнцийн сонин сайхныг хормын зуур хүлээн авдаг. Энэ “ертөнц” шинэ тутам гарч буй платформоор баяжихын хэрээр хүмүүс илүү олон зүйлийг цахим системийн тусламжтай, төвөг чирэгдэлгүй хийдэг болсоор байна. Дэлгүүр хэсэх, музей үзэх, бараа, бүтээгдэхүүн захиалах, сургалт, семинарт хамрагдах, судалгаа хийх, зөвлөгөө авах зэрэг нь дэлгэцийн цаанаас амжуулж болох наад захын ажил болсон. Үндсэндээ нийгмийн сүлжээ бидний амьдралд олон талаар эерэг нөлөө үзүүлж, хөгжил дэвшилд хөтөлж байгаа. Гэхдээ хүн хаана байна, тэр газарт асуудал, бэрхшээл бий болдог бичигдээгүй хууль ч тэнд хэрэгжсээр удав. Цахим орчинд үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бусдын эрх, эрх чөлөөнд халдах явдал ч гаарав. Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд дурдсанаар дэлхий дахинд нэг секунд тутамд 18 иргэн цахим гэмт хэргийн хохирогч болж, 25 хүний эрх зөрчигдөж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүний эрхийг хамгаалах асуудал цахим орчинд хурцаар хөндөгдөх болов.
НҮБ-ын Ерөнхий ассамблей цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх талаарх тогтоол 2013 онд баталсан нь өдгөө нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандарт болоод байна. Мөн тус байгууллагын Хүний эрхийн хороо 2016 онд хүний эрхийн баталгаа цахим орчинд ч нэгэн адил үйлчлэх ёстой гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тэрчлэн цахим орчинд дур зоргоороо, хууль бусаар хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах явдлаас сэргийлэх, интернэт дэх хувийн өгөгдөл болон нууц хамгаалалтыг хүлээн зөвшөөрөх, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомж батлах, боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан юм.Үүний дагуу улс орнууд нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, боловсронгуй болгох чиглэлд ихээхэн анхаарч эхэлсэн гэнэ. Тухайлбал, ХБНГУ Нийгмийн хэвлэл мэдээлэлд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хууль 2017 онд баталжээ. Итали улс ч тухайн онд Цахим дарамтын эсрэг хуультай болж. Австрали улс Өргөн нэвтрүүлгийн болон Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хуулиар энэ харилцааг зохицуулахаар өөрчлөлт оруулжээ. Мэдээллийн технологийн салбарын хөгжлөөр Азид тэргүүлдэг, дэлхийн хамгийн анхны интернэтийн хяналтын тухай хууль баталсан БНСУ Харилцаа холбооны бизнесийн болон Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглах, мэдээлэл хамгаалах тухай хуульдаа өөрчлөлт оруулан, боловсронгуй болгосон бөгөөд нийгмийн сүлжээн дэх мэдээлэл, контентуудын агуулгад Харилцаа холбооны хороо, Харилцаа холбооны стандартчиллын хорооноос нь давхар хяналт тавьдаг аж. Монгол Улсын тухайд Эрүүгийн, Зөрчлийн, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын, Соёлын, Садар самуунтай тэмцэх тухай хуульд холбогдох зарим зохицуулалтыг тусгаж, тулгамдсан асуудлуудыг үүний дагуу шийдвэрлэсээр ирсэн. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Харин ХЗДХЯ-ныхан цахим орчинд хүний эрхийг хамгаалах тусгай хууль батлах асуудлыг өнгөрсөн оны сүүлчээс хөндөж эхэлсэн юм.
2021 оны арванхоёрдугаар сард “Хүний эрхийн үндэсний форум” Төрийн ордонд болсон. Ерөнхийлөгч энэ үеэр цахим орчинд хүний эрхийг зөрчих, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах, олон нийтийн оюун санаанд сөргөөр нөлөөлөх явдал гаарсныг онцолсон бөгөөд нийгмийн сүлжээн дэх хяналтыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах шаардлагатайг сануулсан. Үүний дараа ХЗДХЯ Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах ажил эхлүүлсэн юм. Тэгвэл эл ажил өдгөө ч үргэлжилж байгаа аж. “Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын мэдээллийн аюулгүй байдлын багтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахад гар нийлэн ажиллах болсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар саяхан цахим хуудсандаа нийтэлжээ. Тэгэхээр цахим орчин дахь хүний эрхтэй холбоотой харилцааг зохицуулах шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь цаг хугацааны асуудал аж. Энэ хуульд чухам юуг голчилж, хүний эрхийн ямар асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. ХЗДХЯ-ныхнаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хандахад завтай хүн “олдсонгүй”.
Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлах асуудлаар хуульч, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх болов. Нэг хэсэг нь “Одоо мөрдөж байгаа хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, зарим зохицуулалтыг шинээр тусгах зэргээр шийдэх боломжтой. Нэмж хууль батлах хэрэггүй” гэж буй бол нөгөө талд нь “Олон улсын жишгээр нарийвчилсан зохицуулалт бүхий тусгай хууль батлах шаардлагатай” хэмээх хүн ч цөөнгүй. Цахим хэрэглээгээрээ бүс нутагтаа дээгүүрт (нийт хүн амынх нь 78 хувь нь сошиал медиа хэрэглэдэг) ордог, мэдээллийн аюулгүй байдал болон нийгмийн сүлжээний талаар ойлголт тааруу, хууль, эрх зүйн мэдлэг хомс, үүнийхээ хэрээр хүний эрхэд халдах, зөрчил гаргах тохиолдол түгээмэл манай орны хувьд ийм хууль зайлшгүй хэрэгтэй. Дээрээс нь цахим орчин буюу нийгмийн сүлжээ тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг онцлогтой. Үүнийг дагаад сошиал дахь хүмүүсийн хандлага, харилцааны төлөв байдал ч цаг үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр тэр болгонд хуучин хууль, тогтоомжид “гар хүрч”, нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар аргацаах нь зохимжгүй. Харин нийгэм, цаг үеийнхээ онцлогийг харгалзсан, хэрэгцээ, шаардлагад тулгуурласан, нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль батлах нь илүү оновчтой мэт. Шинэ хууль батлах замаар нийгмийн сүлжээний талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, хариуцлагыг нь ч сайжруулах боломжтой.
Яг үнэндээ цахим сүлжээнд хүний эрхийн асуудал хэрхэн хөндөгддөг, тэдгээрийг ямар хуулийн хүрээнд яаж шийдвэрлэх зохицуулалттай байдгийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тиймээс ч хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлох, хувийн мэдээлэл, нууцыг нь дэлгэх явдал цахим орчинд замбараагаа алдаж, хяналтаас гарсан. Хэн нэгний нүүр номдоо оруулсан зураг, бичсэн постны доор элдвийн хараал, доромж үг бичдэг, гадаад төрх, харагдах байдлыг нь шүүмжилдэг, түүнийг нь зөвшөөрөлгүйгээр түгээдэг, уран сайхны хэтрүүлэгтэйгээр засварлаж, өөрчилдөг явдал хэрээс хэтрээд байна. Хүний эрхийг зөрчиж буйгаа ухамсарлаж, ялгаж салгадаггүй иргэд бий. Эрх нь зөрчигдөж буйг ч мэддэггүй, мэдсэн ч ойшоолгүй өнгөрөөдөг нь ч байгаа. Зарим нь цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэхээр зөвхөн өсвөр насныхны ялгаварлан гадуурхалт, дарамт төдийхнөөр ойлгодог. Гэтэл энэ нь маш өргөн цар хүрээтэй ойлголт. Интернэтийн хандалтыг хязгаарлах, нийгмийн сүлжээгээр суртал ухуулгын шинж чанартай зүйл түгээх нь хүртэл мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байдаг аж. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах бие даасан хууль баталсан, эрх зүйн орчин бүрдүүлсэн орнуудад нийгмийн сүлжээнд үзэн ядсан үг хэллэг, садар самуун тэмдэгт, үг, дуу авиа, зураг, дүрс бичлэг ашиглахыг, хэн нэгнийг гүтгэж, доромжлохыг хатуу хориглодог. Түүнчлэн хүний хувийн, нууц мэдээллийг цуглуулах, ямар нэг байдлаар ашиглах, цахим дарамт, гадуурхлын үйл ажиллагаа өдөөх, явуулах, суртал ухуулга, залилангийн шинжтэй, үндэсний аюулгүй байдалд тэрсэлсэн мэдээлэл түгээх, насанд хүрээгүй хүүхдэд хор хөнөөлтэй мэдээ, материал (голдуу бэлгийн хүчирхийллийн) үзүүлэх, илгээх зэргийг хязгаарлах асуудлыг онцгойлон авч үзсэн байдаг аж.
Уг сэдэвтэй холбоотойгоор ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтэст хандлаа. Тэд цахим орчинд хүний халдашгүй байдлын эрх хамгийн ихээр зөрчигддөгийг онцлов. Интернэт хэрэглэгч олшрохын хэрээр иргэдээс ийм гомдол, санал ирүүлэх тохиолдол олширсныг ч тэд хэлэв. Энэ чиглэлээр сүүлийн үед хийсэн судалгаа, кэйсүүдийн талаар мэдээлэл авахыг хүсэхэд жил тутам гаргадаг “Хүний эрхийн тайлан”-г шүүж үзэхийг зөвлөсөн юм. 2013 он хүртэлх тайланг шүүхэд үүнтэй холбоотой судалгааны ганцхан бүтээл гарч ирсэн нь хуульч, судлаач Л.Галбаатарын “Интернэтийн хандалтыг хязгаарлах, нийгмийн сүлжээгээр тархи угаах, хувийн өгөгдөл задруулахаас хүний эрхийг хамгаалах нь” хэмээх өгүүлэл байв. Үүнд тухайн улсын Засгийн газар, цахим платформ хөгжүүлэгчид хүний эрхийг хамгаалах, мэдээлэлд цензуртэй хандах нэрийдлээр иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, тархи угаах үйл ажиллагаа явуулдаг талаар голчлон хөнджээ. ХЭҮК-ынхон мэдээлэл өгөхөөс цааргалав уу, эсвэл дорвитой судалгаа тэдэнд үнэхээр байгаагүй юу, ямартай ч өөрсдөөсөө холдуулав. Гэхдээ хувь хүний халдашгүй дархан байдал, мэдээлэл, нууцыг хамгаалах шаардлага цахим орчинд илүү их тулгарч байгааг хүлээн зөвшөөрсөн юм.
Манай улс цахим хөгжлийн асуудалд одооноос л дорвитой анхаарч эхэлж буй. Энэ оны эхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Үүнээс сар гаруйн өмнө цахим хөгжлийн багц хууль гэх Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Одоо харин Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль баталж, зэрэгцээ “ертөнц”-дөө хүний эрхийн хил хязгаарыг “дархлах” шаардлага тулгарсаар байна.