Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн ээлжит хурал есдүгээр сарын 26-27-нд Москва хотноо болжээ. Хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан явуулсан байна.
Хурлаар хэлэлцэж, тохирсон гол асуудлуудыг хүргэж байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирчээ. Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлэх, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцон баталжээ.
Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүлсэн байна.
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэжээ.
Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил дуусаж, олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийг мэдэгджээ. Ковид-19 цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулахаар санал солилцсон байна.
Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиров. Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон байна.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ