Түгжрэлийг бууруулах өөр шийдэл үгүй мэт, үүнийг л хэрэгжүүлж байж улаанбаатарчууд ужиг асуудлаасаа ангижрах юм шиг аяглан, зарим албан тушаалтны улайран зүтгүүлсээр буй LRT буюу “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний зам барих төсөл”-ийн ирээдүй бүрхэг байна. Тус төслийн ТЭЗҮ боловсруулах судалгааны багт ажилласан хүмүүс “Манай улсад хамгийн тохиромжтой, үр ашигтай тээврийн хэрэгсэл бол хөнгөн галт тэрэг. Өнгөрсөн жилүүдэд нэвтрүүлэхээр ярьж байсан метро, дүүжин тээвэр, тусгай замын автобус, өндөр хурдны галт тэрэгний төслүүдээс энэ нь давуу тал ихтэй. Хот төлөвлөлт муу, дэд бүтэц хөгжөөгүй газарт хөнгөн галт тэргийг хямд зардлаар нэвтрүүлэх боломжтой. Энэ бол нийтийн тээвэрт даацтай, томоохон өөрчлөлт авчрах төсөл” хэмээн зай завсаргүй ухуулан сурталчилсаар буй ч олон нийт үүнийг нь итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсангүй. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө чамгүй зарцуулсан ч бодит ажил хэрэг болгож чадалгүй замхруулсан томоохон төслүүдийн нийтлэг дүр зураг, үр дүн үл итгэлцийн томоос том, бат гэгч нь хана босгожээ. Үүнээс ганц төслийг жишээ болгож дурдъя.
Манай улс BRT буюу тусгай замын автобус нэвтрүүлэхээр олон жил “зүтгэсэн”. Анх 2009 оноос л энэ тухай ярьж эхэлсэн байдаг. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, шаардлагатай тооцоо, судалгааг бүгдийг нь хийлгэсэн. Улмаар 2012 онд нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 215 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн юм. Үүнээс дөрвөн жилийн дараа төслийг хариуцах нэгж байгуулж, дараа онд нь санхүүжүүлэгч байгууллага техникийн туслалцааны тайлангаа албан ёсоор танилцуулсан. Үүнд тусгаснаар бол төслийн хүрээнд нийт 49.9 км урт, 60 автобусны буудалтай, гурван коридор бүхий байгууламж барихаар төлөвлөсөн юм билээ. 2020 он гэхэд Нисэх-Долоон буудал чиглэлийн 15 буудалтай эхний коридорыг ашиглалтад оруулахаар баримт бичигт тусгажээ. Гэтэл уг төслийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас найман жилийн дараа буюу 2020 онд бүрэн зогсоосон. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ч төслийн нэгжийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Яг энэ үед хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаснаар тусгай замын автобустай холбоотой асуудал бүрмөсөн мартагдсан юм даг.
Уг төслийн ажлыг эрчимжүүлэх чиг үүрэг хүлээсэн нэгж, ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах багийнхан тухайн үед тусгай замын автобус шиг үр дүнтэй, бага зардлаар хэрэгжүүлэх боломжтой, хөгжиж буй орнуудад тохиромжтой тээврийн хэрэгсэл байхгүй хэмээн ухуулж байв. Энэ нь хөнгөн галт тэрэгнээс 20, метроноос 100 дахин бага зардлаар бүтдэг масс транзит систем гэж сурталчилсан. Санхүүжилтийг нь л шийдчихвэл бүх зүйл “ногоон гэрэл”-ээр урагшлах юм шиг ярьж байж. Үүний дагуу олон улсын байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, бүтээн байгуулалтын ажлыг юу юугүй эхлүүлэхээр болсноо мэдэгдэж байжээ. Гэвч уг төсөл нэг л өдөр хөөс болон замхарчээ. Энэ ажил яагаад гацсан талаар элдэв таамаг, мэдээлэл байдаг ч санхүүжүүлэгч байгууллага болон хэрэгжүүлэгч агентлагийн хооронд үл ойлголцол бий болсон гэсэн яриа зонхилдог. Тэгвэл Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтний ярьж буйгаар гараанаасаа хэзээ мөдгүй хөдлөхөд бэлэн байсан эл төслийн ажилд улс төрийн нөлөө саад учруулсан гэх. Хамгийн харамсалтай нь, төслийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил, зөвлөх үйлчилгээнд улс, нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө хуваарилжээ. Зөвхөн төслийн нэгжийн ажилтнуудыг цалинжуулахад 400 мянган ам.доллар зарцуулсан гэнэ. Гэтэл өдгөө тус төслөөс нэр нь л үлджээ.
Энэ бүхнийг дурдах болсны учир нь одоогийн хотын мээрийн хэрэгжүүлэхээр зүтгүүлж буй, УИХ-ын гишүүдийг хоёр хэсэг болон талцахад хүргэсэн хөнгөн галт тэрэгний төсөл яг л тусгай замын автобусны замналаар явж буйг сануулах гэсэн хэрэг. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн гадаад, дотоодын 110 гаруй инженер, мэргэжилтэнтэй хамтран LRT төслийн ТЭЗҮ-ийг улсын төсвийн хөрөнгөөр боловсруулж, холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Тэрчлэн бүтээн байгуулалтыг хариуцах гадаад, дотоодын компаниудтай хүртэл зөвшилцөлд хүрсэн. Тодруулбал, хөнгөн галт тэрэгний зам барих ажлыг БНХАУ-ын “Төмөр замын VI товчоо” буюу CREC, Монголын UDC компани хариуцахаар болж, өнгөрсөн хавар нийслэлтэй гурвалсан гэрээ байгуулсан билээ. Мөн дээрх төсөлд зөвхөн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 21.3 тэрбум төгрөгийн тендер зарлаад буй. Үүний эхнийхийг нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс энэ сарын 5-нд зарласан бөгөөд төсөвт өртөг нь 1.8 тэрбум төгрөг. Харин удаахыг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хариуцахаар болсон “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 10 хүрэхгүй хоногийн өмнө зарлажээ. Үүний нийт санхүүжилт нь 19.5 тэрбум төгрөг аж. Эдгээр зөвлөх үйлчилгээний зардлыг нийслэлийн төсөвт тусгажээ. Нийслэлийн захиргаа хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хурдавчилж, холбогдох гэрээ, хэлцэл, тендерийн шалгаруулалтыг цаг алдалгүй хийж буй ч эцсийн дүндээ уг төсөл хэрэгжих, эсэх нь ч тодорхойгүй байна.
Нийслэлийн зүгээс LRT төсөлд 500 сая төгрөгийн өрийн баталгаа гаргах хүсэлтийг Засгийн газарт тавьсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд үүнийг тусгасан байдаг. Гэвч Төсвийн байнгын хороо Засгийн газрын өрийн баталгааг нэмэхийг дэмжээгүй бөгөөд тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй хассан юм. Тус төсөлд Засгийн газар өрийн баталгаа гаргаснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчинө гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга онцолж байв. Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэх төсөлд сэтгэл хөөрлөөр бус, хариуцлагатай хандах ёстойг ч дурдсан. Товчхондоо, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийсэн. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ч үүнийг төсвийн тодотголын хамт яаран хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсэг хүртэл байгуулсан. Үүнээс хойш LRT төсөлтэй холбоотой ажиг сураг тасарсан нь нийслэлд хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх санаачилга замхарсан гэх ойлголтыг иргэдэд төрүүлээд байв. Гэвч бодит байдалд төсөлтэй холбоотой зарим ажил “хөшигний цаана” далд хэлбэрээр үргэлжилж байжээ.
Ирэх оны төсвийн төсөлд “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний зам барих төсөл”-ийг санхүүжүүлэх, зээлийн баталгаа олгохтой холбоотой нэг төгрөг ч тусгаагүй гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан уржигдар мэдээлэв. 2023 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зөвхөн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх, автобусны зогсоол байгуулах, буудал шинэчлэхэд л хөрөнгө төсөвлөсөн гэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг уржигдрын Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа ч хөнгөн галт тэрэгтэй холбоотой ганц үг ганхийлгүй өнгөрчээ. Ч.Хүрэлбаатар сайдын мэдэгдэлд эгдүүцсэн, хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “LRT төсөлд батлан даалт гаргахгүй гэсэн болохоос биш зогсооно гээгүй. УИХ, Засгийн газрын хоёр ч тогтоолоор уг ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хотын удирдлагуудын зүгээс энэ төслийг батлан даалтгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Төслийн ажлыг хугацаанд нь буюу өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн бол эхний чиглэлийг 2024 оны хавар ашиглалтад оруулчих байв. Ч.Хүрэлбаатар сайд эсэргүүцсэнээс таван сарын хугацаа алдлаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Эндээс дүгнэхэд, LRT төслийн санхүүжилт одоо ч бүрэн шийдэгдээгүй, хэрэгжүүлэх, эсэх дээр нэгдсэн санал, шийдэлд хүрээгүй буй юм байна. Засгийн газар ч үүнийг дэмжих чиглэлээр ойрын хугацаанд нааштай шийдвэр гаргахгүй нь бололтой. Гэтэл нийслэлийн удирдлагууд төслийн нэгж нэртэй “тусгай” газрыг ивээн тэтгэж, тэндхийн ажилтнуудыг цалинжуулан, өчнөөн тэрбум төгрөгийн тендерийг ил, далд зарласаар байна. Тэд яг л BRT буюу тусгай замын автобусных шиг хамгийн чухал асуудлаа шийдээгүй орхигдуулсан атлаа зөвлөх үйлчилгээ, судалгаа, тооцоо нэрийдлээр төсвийн хөрөнгийг хайр гамгүй зарцуулсаар буй нь нэг замналтай хоёр төсөл хэмээх дээрх дүгнэлтийг улам бүр бататгаж байна.