НӨАТ-ын сугалааг ирэх сараас сэргээн зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор иргэдэд сурталчлахдаа зүй бус үг хэллэгтэй, ялгаварлан гадуурсан агуулгатай сурталчилгааг Сангийн яам өөрийн цахим хуудсаар цацсан. Энэ нь олон нийтийн дургүйцлыг хүргэж "хүний эрхийн мэдрэмжгүй" гэх шүүмжийг дагуулаад буй. Уг сурталчилгааны талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. "Төсвийн талаар сэтгүүлчидтэй уулзах үеэр ийм асуудал гарсан. Би үзээд даруй зогсоосон. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.
Татварын Ерөнхий Газрын дарга ч эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Энэ хооронд анхаарал сарниж, ийм зүйл боллоо. Уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай залуус үүнийг зохион байгуулсан. Үзсэн, алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн байна. Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалаа зогсоосноор баримт бүртгүүлэлт хоёр дахин буурсан. Долоон жилд хүрсэн үр дүн гурван сарын хугацаанд 50 хувь буурлаа. Цаашлаад НӨАТ-ын орлого буурах асуудал үүснэ. Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй" гэлээ.