Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгтэйгээ холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт цалингийн, хоёрдугаарт тэтгэврийн, гуравдугаарт халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бодлогын шинэчлэл явуулахаар ХНХЯ-ны баг хамт олон зориг шулуудан, шөнө дөл хүртэл сууж, цаасан дээр бэлэн болгосон.
Дээр дурдсан гурван шинэчлэлийн хүрээнд яагаад "Халамжаас хөдөлмөрт" бодлогыг хэрэгжүүлэх болсон тухайд тайлбарлавал нэгдүгээрт, хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, улмаар хүссэн цалин хөлсийг нь өгөх боломж бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай болж байна.
ҮСХ-ны судалгааны дүнг та бүхэн мэднэ. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу, ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Дээр нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлүүд бий. Энэ үед яаж ард иргэд, залуусаа хөдөлмөр эрхлэлттэй болгох вэ гэдэг дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Үүнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр чухал байна. Үүнийг бодлогын хэрэгжилтийн газар анхаарч байна.
Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсын түвшинд ядуурлыг хамгийн доод түвшин буюу “хязгаар” үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж надад мэргэжлийн хүн ойлгуулсан. Би түүнийг бодлогогүйгээр, болгоомжгүйгээр хэлж, олон хүнийг бухимдуулсанд уучлал гуйж байна. Миний үгийн сонголт буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар мэдээллийг өглөө.