Америкийн бүх цаг үеийн шилдэг 50 загвар өмсөгчийн нэг Жижи Хадид “Түр зуурын зочин” хэмээх нэртэй, 100 хувийн ноолууран бүтээгдэхүүний брэнд гаргажээ. Үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тэрбээр “Бид энэ гарагт зочин болж түр зуур ирээд буцдаг. Энэ хооронд эх болсон дэлхийгээ бага бохирдуулахын тулд олон биш, чанартай цөөн тооны зүйл эдлэх хэрэгтэй. Ноолуур бол эдэлгээ сайтай бөгөөд чанартай материал юм. Хэдэн жил ч хэрэглэдэг учраас тогтвортой байдлыг хангасан, эх дэлхийд ээлтэй бүтээгдэхүүн” хэмээн тодорхойлжээ. Алдартай загвар өмсөгч хэдийгээр АНУ-д төвлөрөн ажилладаг ч олон улсын зах зээлд, сая сая дагагч нартаа ноолуурын үндсэн шинж чанарыг өргөнөөр таниулж буй. Энэ нь дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг манай улсын ноолуурын салбарт эергээр нөлөөлөх бололтой. Жижи Хадид инстаграмд 75.8 сая дагагчтай аж.
Бэлтгэсэн Ж.Гэрэл