Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Дэлхийн Банк хамтран "Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгаа", "Монгол Улсын ядуурлын нөхцөл байдал 2020" судалгааг хийжээ. Судалгаагаар "Ажил хийх боломжтой ч ажилгүй байгаа 207,800 хүн байна" гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
Тэрбээр, "Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг, ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1520 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьсан. Тухайлбал Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхийг сонгоно. Өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байна. Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах вэ гэдэг загварыг бий болгоно. Хятад, Солонгос тус тусдаа ядуурлаас гаргах загвараа танилцуулаад амжилттай болсон. Туркт ч амжилттай болсон жишээ бий" гэлээ.