Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун өнөөдөр Олон улсын валютын сангийн хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Хосе Гарридотой цахим уулзалт хийлээ.
Олон улсын валютын сангаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Хуулийн этгээдийн бус хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай эсэх талаарх судалгааг хийж байгаа бөгөөд ШӨХТГ-аас хийсэн арилжааны банкуудын ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт, Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийгдсэн талаар болон бичил худалдаа эрхэлж буй иргэд “Өндөр хүүтэй өдрийн зээл”-ийн хохирогч болж буй асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Санхүүгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан уг хуульд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас хяналт тавих чиг үүргийг тодорхой болгох саналтай байгаагаа илэрхийллээ.
ОУВС-ийн хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Хосе Гарридо цаашид ШӨХТГ-тай хамтын ажиллагаа өргөжүүлж, дээрх судалгаа болон энэ төрлийн хууль, эрхзүйн орчныг сайжруулахад хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.