Нийслэлийн 35 дугаар сургуульд өчигдөр цахим анги нээлээ. Дэлхийн жишигт нийцсэн, цахим болон танхимын сургалтыг хослуулан явуулах боломжтой гэдгээрээ уг анги онцлогтой юм байна. Сүхбаатар дүүргийн ЗДТГ, “Санко маркетинг Монголиа” компанитай хамтран, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ангийг тохижуулжээ. Энэхүү анги нь эргономик тавилгатай. Тодруулбал, ширээ, сандал зэргийг суралцагчийн эрүүл мэндийн шаардлагыг бүх талаас нь хангахуйц байдлаар, олон улсын стандартад нийцүүлэн байршуулсан гэдгээрээ давуу талтай. Мөн зайны сургалт явуулахад шаардлагатай ухаалаг тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь суурилуулснаараа онцлогтой гэнэ. Жишээ нь, ангийн самбар нь ч ухаалаг. Бас сурагч бүр таблет ашиглан хичээлээ үзэх боломжтой. Тэд багшийн самбарт гаргасан хичээлийг таблетаасаа шууд харж, суралцах нь. Мөн заасан хичээлийг контент болгон хадгалж авах боломж бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ сурагчдын ашиглах таблетуудыг цэнэглэх, хадгалах шүүгээг ч уг ангид байршуулсан байна. Ийм ангитай болсноор хүүхдүүд цахимаар хичээлээ үзэх боломжтой. Түүнчлэн өөр сургуульд зааж буй хичээлүүдийг ч цахимаар шууд хүлээн авч үзэж болох аж.