Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа зэрлэг амьтны хууль бус худалдаа, тээвэрлэлтийг бууруулахад үнэрч нохдыг ашиглах санаачилгыг дэмжих зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ОБЕГ-ын Эрэлч нохойн алба, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ажиллаж байгаа. Тус олон улсын байгууллагынхан үүний хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох сургалтыг үе шаттай зохион байгуулж, эдгээр газрынханд шаардлагатай техник хэрэгслийн туслалцаа үзүүлсээр буй. Тэгвэл уржигдар ОБЕГ-ын Эрэлч нохойн албанд нохой зөөвөрлөх үүр бүхий, бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгчээ. Уг машиныг дэлхийн олон оронд ашигладаг бөгөөд 20 орчим сая төгрөгийн өртөгтэй гэнэ. Ташрамд дурдахад, дээрх байгууллагууд хамтран хот орчмын тусгай хамгаалалттай бүс, шалган нэвтрүүлэх товчоодод нохойтой эргүүл туршилтаар ажиллуулж, цөөнгүй зөрчил илрүүлжээ. Үүний дотор тарвага хууль бусаар нэвтрүүлэх гэж завдсан зөрчил хэд хэд байсан аж.