Герман улсад болсон сагсан бөмбөгийн Европын АШТ өндөрлөж, Испанийн шигшээ баг дөрөв дэх удаагаа тивийн аваргаар тодорлоо. 2011 оны Европын АШТ-ий финал энэ удаа давтагдаж, Франц, Испанийн баг өрсөлдөхөд испаничууд 88:76-гийн харьцаатай хожсон юм. Испанийн баг тоглолтын явцад 21 онооны давамгайллаа алдах дөхсөн ч ах, дүү Хуанчо болон Уилли Эрнангомес нар нийт 41 оноо авснаар хожилд хүргэжээ. Сонирхолтой нь, испаничууд хасагдах шатны өмнөх гурван тоглолт бүртээ 10 гаруй оноогоор хожигдож байгаад “барьж”, улмаар ялж чадсан.
Аваргын төлөөх тоглолтод 27 оноо (таван самбар, хоёр бөмбөг таслалт) авсан Х.Эрнангомес бол 1995 оноос хойш финалд таваас олон холын зайн шидэлтээ оруулсан анхны тамирчин юм. Тухайн үед Сербийн А.Жоржевич Литвийн эсрэг тоглолтод гурван онооны есөн шидэлтээ оруулж байжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод талбайн эзэн Германы шигшээ энэ тэмцээнд гэнэтийн амжилт үзүүлсэн Польшийн багийг 82:69-ийн харьцаатай ялсан.