Монголын дугуйн спортын улсын шигшээ багийг энэ сарын эхээр байгуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа шигшээ багийг гадаад, дотоодын уралдаанд амжилттай оролцож буй шилдэг 10 тамирчнаар бүрдүүлжээ. Ахлах дасгалжуулагчаар ОУХМ Т.Төгөлдөр, туслахаар Б.Мягмарсүрэнг томилсон байна. Түүнчлэн Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү тамирчдыг хүлээн авч уулзан, цаашид хэрхэн ажиллаж, амжилт гаргах талаар санал солилцсон аж. Тэрбээр Австралийн Вуллонгонг хотод болж буй 95 дахь удаагийн мэргэжлийн дугуйн ДАШТ-д өрсөлдөж буй С.Жамбалжамц, Э.Билгүүнжаргал, Япон Улсад хурд сорьж байгаа Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нарт амжилт хүсжээ. Мөн бүх ард түмний спортын XV наадамд түрүүлэн, хошой алтан медаль хүртсэн Э.Болор-Эрдэнэ, Ц.Солонго нарыг шагнаж урамшуулсан байна.