Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид өнөө жилийн уран бүтээлийн нээлтээ Монгол орны өргөн уудам газар нутгаас илрүүлсэн, палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн түүхийг харуулсан “Асаж буй толгод” шинэ жүжгээр хийх гэж байна. Эл уран бүтээлээ техникийн дэвшлийг ашиглан 3D хэлбэрээр тавих гэж буйгаараа онцлог аж. Мөн уран бүтээлийн судалгаа болон сурталчилгааны зургийг Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газар авчээ. “Асаж буй толгод” 3D бүтээлд Монгол оронд 60-70 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг дүрслэх бөгөөд жүжгийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл ажиллаж байна.
Бэлтгэсэн А.Хангал