Сербийн нийслэл Белград хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Болгарын Георгий Вангеловыг 9:0-ээр буулган авчээ. Өнгөрсөн жил тус хотод болсон 23 хүртэлх насныхны дэлхийн аваргаас тэрбээр мөн хүрэл медаль хүртэж байлаа. Манай бөхчүүд нийлбэр дүнгээр гурван мөнгө, хоёр хүрэл медаль гардсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр эмэгтэй, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан нийлбэр дүнгээр ДАШТ-д IV байр эзэлж, арванхоёрдугаар сард АНУ-д эхлэх “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх эрх өвөртөлжээ. ДАШТ-д эхний найман байрт шалгарсан улсын тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлддөг.