БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр албажсан. Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх юм. Энэ хүрээнд БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын бүлэг жуулчдын визгүй аяллыг зохион байгуулах компаниудыг сонгон шалгаруулж, нэрсийг нь зарлаад байна.
Компанийн нэр:
- Total Asia LLC
- AIRMAN LLC
- Chandmani consulting LLC
- Airmarket Holiday LLC
- PSW LLC
- JUULCHIN LLC
- JOY MONGOLIA TRAVEL LLC
- NEW JUULCHIN
- Let's travel LLC
- IHC LLC
Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.
Үүнд:
- Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх
- Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
- Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх
- Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчоод тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.