“Хоггүй Монгол” төрийн бус байгууллагын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Баянгол дүүргийн ЗДТГ, “Бүтээлч бамбүү” хүүхдийн театр, “Икон”, “М-Си-Эс кока-кола” ХХК, “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийнхөн хамтран ирэх сарын 1-нд “Эерэг давлагаа” өдөрлөг зохион байгуулах нь. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэ өдөр Баянгол дүүргийн XV хорооны нутаг, “Ачлал” их дэлгүүрийн дэргэдэх “Байгаль эх цогцолбор”-ын талбайд очиж, дахивар хаягдлаа тушаах боломжтой. Хогоо ангилж, дахивраа тушаасан хүн бүрт зохион байгуулагчид эко алчуур, ариун цэврийн цаас бэлэглэх юм байна. Мөн хамгийн олон, РЕТ тэмдэглэгээтэй хуванцар сав цуглуулж, тушаасан гурван СӨХ-г шалгаруулж, 1.8 сая төгрөгөөр урамшуулах нь. Үүнийг “М-Си-Эс кока-кола” компани “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөрийн хүрээнд санаачилжээ.