Дэлхийд нэр хүндтэйд тооцогддог “Технологийн салбар дахь эмэгтэйчүүд” шагналын Ази, Номхон далайн бүсийн шалгаруулалтад Монголыг төлөөлж нэр дэвшсэн Б.Манд шилдэг тавд багтжээ. Технологийн салбар дахь жендерийн ялгааг арилгах, охид, эмэгтэйчүүдийн чадавхыг дээшлүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Технологийн эмэгтэйчүүд” хэмээх олон улсын ашгийн бус байгууллага уг уралдааныг зохион байгуулдаг юм байна. Ази, Номхон далайн бүсээс Австрали, Малайз, Монгол, Энэтхэгийн оролцогчид шилдэгт багтжээ. Эдгээрээс шилдгийн шилдгээр тодорсныг нь ирэх сарын 13-нд АНЭУ-ын Дубай хотод болох финалын шатны шалгаруулалтад оролцуулах аж. Эл шагналд манай улсаас нэр дэвшсэн оролцогчийн хувьд бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд 2019 онд “Фемтек солюшн” хэмээх технологийн компаниа найзтайгаа хамтран байгуулжээ. Тэрбээр энэ уралдаанд 0-2 насны хүүхдийн хөгжлийн “Hello baby” аппликэйшнээр оролцож байгаа юм.
Бэлтгэсэн И.Мишээл