Усанд осолдож нас барсан хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.5 хувиар буурсан дүнтэй байна. Он гарснаас хойш 2022 есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын алба хаагчид нийслэлийн хэмжээнд усны ослын 51 дуудлага мэдээллээр 98 иргэний амь насыг авран хамгаалж, 19 том хүн, найман хүүхэд усанд осолдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллажээ.
Улаанбаатар хот нь Туул, Тэрэлж, Хэрлэн гурван голын ай сав газар аялал зугаалгын орчин бүхий онцлогтой. Жил ирэх бүр аялал зугаалгын улиралд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад голын усны осолд өртөх иргэдийн тоо өсөх эрсдэлтэй байдаг. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт давхардсан тоогоор 2498 алба хаагч, 383 нэгж техник, 210 завьтай үүрэг гүйцэтгэж 67207 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19648 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 7107 автомашиныг эргээс холдуулжээ.
Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд боогдсон 19, автомашинтай голд суусан 34, голын усанд живж байсан 6, нийт 59 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.