Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэй амьдрах хамгийн шилдэг туршлага болох веган амьдралын хэв маягийг таниулах өдөрлөг энэ сарын 24, 25-нд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. “Веган байж эх дэлхийгээ аваръя” уриатай эл өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Монголын органик ногоон хүнсний холбоо” ТББ, “Энэрэл” МСҮТ хамтран зохион байгуулах аж. Энэ үеэр веган хоол, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр дагнан ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилна. Мөн иог бясалгал, амьтны эрх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20-иод байгууллага, органик газар тариаланчид ч оролцох аж. Түүнчлэн эрүүл мэндээ хувь хүн өөрөө хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжит нөхцөлийг олон нийтэд таниулах гэнэ. Үүнээс гадна веган буюу ургамалд суурилсан хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, амьтанд ээлтэй нийгмийг цогцлоох талаарх мэдээллийг иргэд, оролцогчдод хүргэхийг зорьжээ. Мөн тогтвортой хөгжлийн зорилтууд веган амьдралын хэв маягтай хэрхэн уялдаж байгааг таниулах аж. Ташрамд дурдахад, веган хэмээх нэр томьёог анх 1940-өөд оны үеэс Английн Лестерийн цагаан хоолтнуудын холбооныхон хэрэглэж эхэлжээ. Веганизм нь зөвхөн хоолны дэглэм биш бөгөөд энэ нь хүн, амьтан, байгалийн харилцааг шударга, тэгш авч үздэг, гүн ухааны гүнзгий үндэс суурьтай ойлголт, амьдралын хэв маяг юм.
Бэлтгэсэн А.Тайшир