Сербийн Белград хотод зохион байгуулж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Гүржийн тамирчин Гено Петриашвилийг 4:2-оор буулган авч, үзэгчдийг огшоосон юм. Аваргын төлөө олимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, Европын 10 удаагийн аварга, Туркийн алдарт бөх Таха Ахгультай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тэрбээр дэлхийн дэвжээнээс 24 дэх мөнгөн медалийг эх орондоо авчрав. Түүнчлэн 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, БНХАУ-ын бөх Зоу Ванхаог цэвэр ялж, шагналын тавцанд зогссон.