Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу олон улс, улс хооронд, орон нутгийн авто зам дагуу 200 км тутамд аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор, 100 км болгонд амралтын талбай байгуулахаар шийдвэрлэж, БОАЖ, ЗТХ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан, холбогдох газрууд энэ чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй. Одоогийн байдлаар Архангай аймгийн Цэнхэр, Увсын Зүүнхангай, Хэнтийн Цэнхэрмандал сумд ийм ажил үргэлжилж байна. Харин “Исун тур” ХХК Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд жуулчдад зориулсан түр буудаллах цогцолбор байгуулснаа өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад оруулжээ. Тус компани энэ бүтээн байгуулалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд, өөрийн санаачилга, хөрөнгө оруулалтаар гүйцэтгэснийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрынхан онцлов
“Өртөө 240” түр буудаллах цогцолбор нь хүнсний дэлгүүр, түргэн хоолны цэг, усанд орох зориулалтын газар, боловсон ариун цэврийн байгууламжтай юм байна. Түүнчлэн цахилгаан тасарсан тохиолдолд нарны эрчим хүчний давхар эх үүсвэртэй, хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуухтай гэдгээрээ онцлог гэнэ. Цаашид уг газрыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор төлөвлөжээ.