Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Белград хотноо болов.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, сербийн талаас Гадаад хэргийн яамны Хоёр талын асуудал хариуцсан Туслах сайд Владимир Марич нар удирдав.
Уулзалт нь хоёр улс хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд уулзалтаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, ложистик, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Тухайлбал, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцаж, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Мөн хоёр улс олон улсын авто тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар талууд тохиролцов. Түүнчлэн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах чиглэлийг ярилцав.
Эх сурвалж: ГХЯ