Хүүхэд багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж, ном унших боломж олгох “Үлгэрийн цаг” арга хэмжээг “Лоринэт” сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд зохион байгуулна. Энэ нь 0-5 насныхны эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой. Эл арга хэмжээг энэ сарын 18 хүртэл долоо хоног бүр зохион байгуулах бөгөөд баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд, бямбад “Аз хур” номын дэлгүүр болон “Ид шидийн орон-2”-т болно. Зохион байгуулагчдын зүгээс бага насны хүүхдүүдтэй харилцан ярилцаж, дуулж бүжиглэнгээ ном уншиж, үлгэр ярьдаг бөгөөд бяцхан сонсогчдодоо тухлан суух орчныг бүрдүүлэхээр зорьжээ. Ташрамд дурдахад, эцэг, эхчүүд өдөрт ердөө 15 минут ном уншиж өгснөөр хүүхдийн харилцааны болон сонсох чадварыг хөгжүүлэх, үгсийн санг бүрдүүлэх, ой тогтоолтыг сайжруулах зэргээр хөгжилд нь эергээр нөлөөлдөг аж. Ном, үлгэр сонсож өссөн хүүхдүүд сэргэлэн, өөртөө итгэлтэй, зөв харилцаатай, бүтээлч, сониуч хүн болж төлөвшдөг байна.