Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь байгалийн дурсгалт газар болох Цагаан суваргыг түшиглэн байгуулж, ашиглалтад оруулсан отоглох цэгийг иргэд шүүмжилж, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн, хуумгай ажил гэх болсон. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас өчигдөр хариу тайлбар өглөө. Архангай, Булган, Дорнод, Завхан зэрэг 12 аймагт байгуулах отоглох цэгийн хөрөнгө оруулалтын эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн гэнэ. Мөн “Аялал жуулчлалын бүс, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад отоглох цэг байгуулах ажлын жишиг техникийн тодорхойлолт”-ыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн хавар баталсан бөгөөд гүйцэтгэгчид үүний дагуу ажлаа бүрэн хийсэн тохиолдолд тухайн аймгийн холбогдох албан тушаалтнууд хүлээж авах ёстой аж. Гүйцэтгэгч аж ахуйн нэгж ажлаа хангалттай бус, эсвэл техникийн тодорхойлолтод нийцүүлж хийгээгүй бол түүнийг нь хүлээж авахгүй байх үүрэг чиглэлийг яамнаас орон нутгийн удирдлагуудад өгснийг онцлов. Иймд БОАЖЯ энэ ажилд шууд оролцож, шаардлага хангахгүй бүтээн байгуулалт хийлгэж, төсвийн хөрөнгийг захиран зарцуулж буй мэтээр ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ. Тэрчлэн Өлзийт сумд байгуулсан отоглох цэгтэй холбоотой, олон нийтийн сүлжээнд тархсан мэдээлэл үндэслэл бүхий нь тогтоогдвол тус аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад зайлшгүй хариуцлага тооцох ёстойг дурдав. Нөгөөтээгүүр, уг мэдээллийг цахим сүлжээнд түгээсэн иргэд ч төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан байж болзошгүй гэв.