Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанаа зарлажээ. Тав дахь жилдээ зохион байгуулах эл уралдааны сэдэв нь “Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё” юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид үүнд оролцох боломжтой. Бүтээлийг энэ сарын 26-ны 18.00 цаг хүртэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага цахимаар хүлээн авах аж. Уралдаанд оролцогчид хүнсний үйлдвэрлэл, хүртээмж, шим тэжээлийг сайжруулах нь ямар ач холбогдолтой талаар байр сууриа илэрхийлж, асуудал хөндөн, шинэлэг санаа дэвшүүлсэн бүтээлээ ирүүлэх ёстой гэнэ. Түүнчлэн зохиогчийн эрхийг хүндэтгэж, бусдын бүтээлээс эшилсэн бол эх сурвалжийг дурдахыг зөвлөжээ. Ташрамд дурдахад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагыг 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулсан. Тиймээс жил бүрийн аравдугаар сарын 16-ныг Дэлхийн хүнсний өдөр болгохоор тунхагласан байна.