Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд “Яндангаа хөөлье-өнтэй өвөлжье” аяныг гурав дахь жилдээ өрнүүлэхээр болсноо өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Гадаад болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл түгээх, амьдралын зөв дадал бий болгох зорилготой уг аяныг БОАЖЯ, ЭХЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ОБЕГ, МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Тавантолгой түлш” ХХК зэрэг 20 орчим аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж, хэлтэс хамтран нэг сарын турш зохион байгуулах аж.
Үүний хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Өмнөх жилүүдийнх шиг гэр хорооллын зарим айлын яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэж, иргэдийн дунд энэ чиглэлийн сургалт зохион байгуулах нь. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн янданд утааны шүүлтүүр суурилуулж, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, түлшний шаталт дэмжих, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тавих гэнэ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гэр, байшинг хэрхэн дулаалах, яндангаа яаж зөв хөөлөх талаар зөвлөмж бүхий гарын авлага боловсруулж, айлуудад түгээх юм байна. Мөн энэ чиглэлийн контент бэлтгэж, иргэдэд тогтмол хүргэхээр болжээ. Ирэх сарын 2 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын дийлэнх нь олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээхэд чиглэж байгааг зохион байгуулагчид онцлов.