БНСУ, Монгол Улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, тэр дундаа газрын ховор элементтэй холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын даваа гаргийн уулзалтаар энэхүү тохиролцоонд хүрчээ.
Хоёр тал эдийн засгийн аюулгүй байдлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин байгалийн арвин баялагтай Монгол Улс нь нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулах “гол түнш орон” гэдгийг онцлон тэмдэглэв.
“Бид БНСУ-ын дэд бүтэц болон Монголд элбэг байдаг, өндөр технологийн хагас дамжуулагч, дэлгэцийн ховор элементүүд, цэнэг хураагуурын ховор металл зэрэг ашигт малтмал, нөөцийг хослуулан үр ашигтай үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллах арга хэмжээнүүдийг идэвхтэй хэрэгжүүлнэ” гэж тэрбээр Улаанбаатар хотноо Гадаад харилцааны Б.Батцэцэгтэй хийсэн уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.
Б.Батцэцэг ч мөн Пак Жинтэй Монголын байгалийн баялаг, БНСУ-ын дэвшилтэт технологийг хослуулах арга замын талаар хэлэлцсэн талаараа хэлсэн байна.
Үүний тулд хоёр тал Монгол Улсын зүгээс газар санал болгох, БНСУ хөгжлийн албан ёсны тусламжийн санг ашиглах төсөөлөлтэйгээр газрын ховор элементийн талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээлэнг аль болох ойрын хугацаанд байгуулахыг зорих ажээ.
Хэлэлцээний үеэр Пак Жин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргааны БНАСАУ-ын талаар баримталж буй бодлогын талаар түүнд товч танилцуулсан бөгөөд хариуд нь Б.Батцэцэг цөмийн зэвсгээс ангижруулах зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.