Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа өчигдөр намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсныг дэмжив. Улмаар УИХ болон Ерөнхийлөгчид уг саналаа уламжиллаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, зургаан сайдыг чөлөөлж, УИХ-ын есөн гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилох саналыг нь дэмжсэн юм.
Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг л парламентын гаднаас томилж, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун гишүүнийг дэвшүүлсэн юм. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд яамгүй ажиллах хоёр гишүүнийг нэмж, хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, спорт, олимпизм хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг санал болгосон билээ.
Бэлтгэсэн Б.Уран