Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэ нь Гадаад хэргийн сайдын түвшинд найман жилийн дараа хийж буй айлчлал юм. Сайд нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийнх нь талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэхээр тогтож, энэ ондоо багтаан ээлжит уулзалтуудыг товлохоор болсон байна. Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг хэрэгжүүлж, энэ оны сүүлчээр Засгийн газар хоорондын комисс хуралдах гэнэ. Гадаад харилцааны яамдын уулзалтыг ч зохион байгуулах юм байна. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зуржээ.
“НОГООН ХЭРЭМ”-ИЙН ХҮРЭЭНД 45 ГА-Д МОД ТАРИНА
Сайд Б.Батцэцэг таван тулгуур чиглэлд хамтарч ажиллахаар болсноо онцлоод, “Шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, ложистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Мөн хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулна. Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээг шинэчлэх юм. “Тэрбум мод” зэрэг цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг дэмжиж, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд 45 га талбайд мод тарих ажлыг үргэлжлүүлнэ. БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих хүмүүст визийг нь хөнгөвчлөх, хоёр улсын хооронд нислэгийн тоог нэмэгдүүлэх зэргээр хамтарч ажиллахаар дэлгэрэнгүй санал солилцсон. Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зорилгоор Монгол-БНСУ-АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах тухай манай улсын санаачилгыг тус улс дэмжихээ илэрхийллээ” гэв.
БНСУ-Д ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАХ НЬ
Сайд Пак Жин “Монгол, БНСУ хоорондын стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдлээ. Манай улсын Төрийн тэргүүний БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзуулах тухай санаачилгыг танилцуулсан. Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК), Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллагад элсэхэд идэвхтэй дэмжинэ. Эрдэс баялаг, уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагааг илүү бэхжүүлэн хөгжүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа тэргүүлдэг Монгол Улс БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах гол чухал түнш юм. Тэр дундаа хагас дамжуулагч, зай хураагуур үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монголд элбэг байгалийн баялгийг БНСУ-ын дэд бүтэц, технологитой хослуулан илүү үр дүнд хүрэх арга замыг идэвхтэй эрэлхийлнэ. Үүнтэй холбогдуулан ховор металлын судалгааны төвийг ойрын хугацаанд байгуулахаар ярилцлаа. БНСУ-ын Засгийн газар ухаалаг хот байгуулах төслийг хэрэгжүүлэх байршлаа Зуунмодод сонгосон. Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулахад туршлагаасаа хуваалцах болно. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг дэмжиж, шилдэг технологийг нэвтрүүлж, эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д мэргэшүүлэх чиглэлд хамтарна” хэмээгээд манай улсад ажиллаж, амьдарч буй солонгос иргэдэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнээ дурдлаа.
Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзсан бөгөөд монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлыг хоёр тал хамтран судалж, ажлын хэсэг гаргахаар тохиролцсон юм. Хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарахаар болов. Мөн тэрбээр газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Сайд Пак Жин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхсан юм. Түүний айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Бэлтгэсэн У.Наран