Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2009 оны дөрөвдүгээр сард байгуулсан 300 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Чойр-Сайншанд чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 220 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл багтсаныг салбарын яамнаас мэдээлэв. Зээлийн гэрээ байгуулахтай холбоотойгоор Сангийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан юм.
Гэрээнд оролцогч талууд болох Эрчим хүчний яам, Сангийн яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэрээний нөхцөлүүдийг амжилттай тохиролцсоныг баасан гарагт мэдээллээ. Ингэснээр ирэх есдүгээр сарын 21-нд болох дээрх банкны Удирдах зөвлөлийн хурлаар эл төслийн санхүүжилтийг дэмжих нөхцөл бүрдэн, улмаар гэрээ байгуулах боломжтой болно гэв.
Бэлтгэсэн Б.Сонор