Эзэнгүй муур, нохойг хайр найргүй буудаж хөнөөдөг харгислал зогсох нь, манай улс амьтанд ээлтэй орнуудын жишгийг дагах нь хэмээн баярлаж байлаа. Дуртай үедээ амьтан тэжээдэг, дургүйгээ хүрэхээр түүнийгээ гудамжинд ч хамаагүй гаргаад хаячихдаг хайнга нь дэндсэн, хүйтэн сэтгэлтэй хүмүүстэй одоо л хууль, эрх зүйн хүрээнд хариуцлага ярих боломж бүрдэх нь гэж олзуурхаж байв. “Гэрийн тэжээвэр амьтны эрх хамгаалах хуульгүй, тэдэн рүү бууны ам шагайдаг цөөн улсын нэг” хэмээн олон улсын байгууллагынхнаар цоллуулах үе мөдхөн дуусгавар болох нь гэж итгэсэн. Ийнхүү эергээр төсөөлөхөд хүргэсэн шалтгаан нь УИХ-ын нэр бүхий гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлуулахаар холбогдох байгууллагынхантай хамтран ажиллаж, өнгөрөгч зургадугаар сард төслөө өргөн барьсантай холбоотой.
Боловсруулж буй хууль, үзэл баримтлалын төслүүдийг нээлттэй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэдэг “D-Par¬liament” цахим хуудсанд энэ нь хамгийн өндөр санал авсан учраас батлагдах нь цаг хугацааны асуудал гэж итгэсэн хэрэг. Нөгөөтээгүүр, нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын ажлыг хариуцан зохион байгуулдаг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах хэлтсийн дарга М.Чинсанаа Амьтны эрх хамгаалах хууль шинээр батлах, өдгөө мөрдөж буй Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр УИХ-ын зарим гишүүн болон “Азтай савар”, “Амьтны эрх хамгаалах сан” төрийн бус байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа гэсэн юм. Мөн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга золбин нохдын тоог байгальд ээлтэй, хүмүүнлэг аргаар хязгаарлах арга зам эрэлхийлж буй талаараа цахим хуудсандаа хуваалцаж, олон нийтийг энэ талаар санал хэлэхийг “гуйсан”. БОАЖЯ одоо л хамаарах асуудал, чиг үүргийнхээ дагуу амьтны эрх хамгаалалд анхаарах нь, нийслэл ч өөр арга зам эрэлхийлээд эхэлж, тэгэхээр эерэг шийдэлд хүрэх нь лавтай гэж бодож байлаа. Шинэ хууль батлах хүртэл цаг хугацаа шаардлагатай ч холбогдох байгууллагынхны хандлага нааштайгаар эргэсэн тул дахин ийм харгислал үйлдэхгүй болов уу гэж итгэсэн юм. Гэтэл энэ бүхэн талаар болов. Нохой, муурыг хоморголон устгах ажиллагаа хот, хөдөөгүй одоо ч үргэлжилсээр. Буу үүрсэн “ангуучид” эзэнтэй, эзэнгүйг эс хайхран гудамжинд таарсан болгоноо хядаж байна.
Орхон аймгийн Тохижилт, үйлчилгээний газраас “Аюулгүй хот-золбин нохой, муур устгал” аян өрнүүлж эхэлжээ. Тэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн дуудлагаар устгал хийж байгаа гэнэ. Мөн өөрсдөө хуваарь гарган, аймгийн төв, захын хорооллуудад “ан ав” хийж буй аж. Тус газрынхан “Аяны хүрээнд Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт 26, Эрдэнэд 22, Дэнжид 16, аймгийн төвд 18, нийт 82 ширхэг нохой, муур устгалаа. Хуваарийн дагуу наймдугаар сарын 18-31-нд Баян-Өндөр сумын багуудад устгал хийнэ” гэж мэдээлэв. Нохой, муурны өхөөрдөм зураг бүхий устгалын зарны доор “Ёстой зөв”, “Дэмжиж байна”, “Хядаад өг” гэсэн сэтгэгдэл хөврөх аж. Зарим нь “Манай хороо, гудамжинд хэзээ ирэх вэ. Эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй өчнөөн нохой байна” хэмээн ховложээ.
Орхон аймгийн Тохижилт, үйлчилгээний газар “Аюулгүй хот-золбин нохой, муур устгал” аяны хүрээнд устгал хийх ийм хуваарь гаргажээ
Увсад ч мөн энэ сарын 17-26-ны хооронд нохой, муур устгалын эрчимжүүлсэн аян өрнүүлж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ийм арга хэмжээ авч байгаа гэх. Гэхдээ эднийх буудахаас гадна бас нэг шийдэл хэрэгжүүлж байгаа нь тэжээвэр нохой, муурыг төлбөртэйгөөр хөнгөлөх. Тодруулбал, үржлийг нь хязгаарлана гэсэн үг. Гэвч энэ “үйлчилгээ”-г сонирхох, авах хүн тун ховор буй тул буудаж хөнөөх үндсэн ажлаа л хийж байгаа гэж Улаангом сум дахь Тохижилт, үйлчилгээний газрынхан хэлэв. Гадаадын орнуудад бол үүний яг эсрэг байдаг. Тэнд эзэнгүй амьтдыг устгаж хөнөөх ажил “моод”-ноос хэдийн гарсан. Харин үржил хязгаарлах мэс ажиллавар хамгийн эрэлттэй “үйлчилгээ”-нд тооцогддог.
Баянзүрх дүүргийн хороод ч нохой, муур устгах ажлыг эрчимжүүлжээ. “Базальт нэгдэл” ХХК-ийнхан үүнийг хариуцдаг аж. Эзэнгүй амьтдыг хэрхэн устгаж байгаа талаар тэднээс асуухад “Буудахаас өөр ямар арга байх билээ. Орон сууцын хороолол бол СӨХ-ны дуудлагаар очно. Гэр хороололд бол хорооны хэсгийн ахлагчийг дагуулан явж, устгадаг” хэмээн ярилаа. Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг ч уламжлал ёсоор хичээлийн шинэ жилтэй уралдан цөөнгүй муур, нохой устгажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах хэлтсийнхнээс ийм “харгис” ажиллагааг хэдий болтол үргэлжлүүлэх төлөвлөгөөтэйг нь асуухад “Гэрийн тэжээвэр амьтны эрх хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, бодлогын баримт бичиг баталлаа ч устгалын ажлыг хэсэгтээ зохион байгуулах болов уу. Хотын зах, ялангуяа Богдхан уул орчимд зэрлэгшсэн нохой олон бий. Тэд сүрэглэн явж, ан гөрөө хийж, ууланд алхагчид руу дайрдаг. Гэр хороолол гэлтгүй хотын төвийн хүүхдүүд ч цэцэрлэг, сургуульд явж байхдаа нохойд хазуулсан тохиолдол олон. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл бидэнд байнга ирдэг. Эзэнгүй нохой, муурыг нэгбүрчлэн барьж мэс ажиллавар хийх боломжгүй учраас буудахаас өөр аргагүй” хэмээн улиг болсон хариултаар ам таглав.
Амьтны эрх хамгаалах чиглэлээр ажилладаг “Азтай савар” төрийн бус байгууллагынхны мэдээлснээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба жил бүр 90-100 мянган нохой, муур устгадаг. Нэгийг нь буудаж хөнөөхөд 4-5 ам.доллар төсөвлөдөг бөгөөд жилд дунджаар 420-450 мянган ам.доллар (1.3-1.5 их наяд төгрөг) зарцуулдаг. Тус байгууллагынхан хууль батлах санаачилга гаргаж, төсөл боловсруулсан нь нэгдүгээрт, олон улс, дэлхий нийтийн жишгээр гэрийн тэжээвэр амьтны эрхийг дархлах гэсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, иргэдийг хариуцлагажуулах замаар эзэнгүй амьтдын тоо толгойг хязгаарлах. Гуравдугаарт, нохой устгах ажилд жил бүр их хэмжээний мөнгө зарцуулж, үр ашиггүй зардал гаргаж байгааг болиулах. Асуудлыг гал унтраах байдлаар бус, үндэс сууриар нь шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Ерөөсөө зэрлэг, гэрийн тэжээвэр аль нь ч байсан амьтдыг “бидэнд аюул учруулж болзошгүй” гэдэг шалтгаанаар буудаж хөнөөнө гэдэг хүмүүнлэг нийгмийг цогцлоон хөгжүүлэх тунхаглалтай улсад, XXI зуунд байж боломгүй явдал. Олон улсын байгууллагынхан ч бидэнд ийм агуулга бүхий “анхааруулга”, зөвлөмжийг олонтоо өгсөн. Гэтэл манай дарга нар “Төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, амь насыг хамгаалах ёстой” гэдэг лоозон үгээр түрээ барин хоморголон устгах ажиллагааг хаа сайгүй явуулж байна. Амьтны эрх хамгаалах тухай хууль батлах сургаар энэ ажил бүр ч эрчимжив бололтой. Арга ч үгүй биз. Нохой, муур буудаж устгах ажиллагаа олон жил амь бөхтэй, тууштай үргэлжилж буйн цаад гол шалтгаан нь түүнд төсөвлөдөг, олон “тэгтэй” мөнгө шүү дээ. Энэ ажлыг хариуцсан албаныхан “Хууль, эрх зүйн орчин бүрдлээ ч устгал зохион байгуулах болов уу” гэж хээвнэг хэллээ. Тэгэхээр дээрх хуулийн төсөлд ажиллаж буй хүмүүс ямар ч нөхцөлд буу шагайлгахгүй, ийм “боломж” олгохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарах “шаардлагатай” болж байна.