Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнүүд манай улсад үргэлжилсээр байна. Ойн хүрээнд Монгол, Японы “Сүүн зам” наадам өчигдөр төв талбайд болж, уран бүтээлчид төдийгүй иргэд ч хамтран хоёр улсын бүжгийн урлагтай танилцаж, хөдөлгөөнүүдээс нь суралцаж өнжив. Японы Токүшима дахь Монгол Улсын өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар эл наадмыг манай улсад анх удаа зохион байгуулсан юм. Японоос 160 гаруй зочин, тэдний дотор 70 гаруй уран бүтээлч ирж, үүнд оролцсон. Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллагын уран бүтээлчийн төлөөлөл үүнд оролцож, нийт 300 орчим бүжигчин өчигдөр төв талбайд цугларан, уран бүтээлээсээ хүргэлээ. Тухайлбал, япон ардын урлагийн салшгүй хэсэг болсон ава одори, ёсакой бүжгийг тус улсын уран бүтээлчид танилцуулав. Ава одори нь 400 гаруй жилийн түүхтэй урлаг аж. Ава нь далайн хөөс, одори нь бүжиг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, бүжгийн хөдөлгөөнийг далайн давлагааны хөөснөөс санаа авч дэглэснээрээ онцлог гэнэ. Ёсакой нь үндэсний хэв шинжийг орчин цагийн чөлөөт хэв маягтай хослуулснаараа онцлогтой аж. Манай улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудын хувьд үндэсний бий биелгээнээс авхуулаад ардын болон орчин үеийн бүжгүүдийн тоглолтуудыг сонирхууллаа.