БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тодруулбал, тус яамны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ийм үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмарт сануулга өгч, сахилгын арга хэмжээ авахаар болсон байна. Тэрчлэн Туул голын сав газрын захиргааны удирдлагад усны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хариуцлагатай биелүүлэхийг даалгажээ.
Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын сав газар болон онцгой, энгийн хамгаалалттай бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчны холбогдох хууль, журам зөрчсөн тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч буй. Тухайлбал, нийслэлчүүдийг ундны усаар хангагч Сэлбэ голын эхэнд барилга барихаар зэхэж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн хавар цуцалсан боловч түүнээс хойш бүтээн байгуулалтын цөөнгүй ажил тэнд хийгджээ. Мөн “Эм энд жи констракшн” хэмээх компани Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс дэх 11.8 газарт худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай барилга барьж буй нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрчлэн Тэрэлж, Улиастай, Туул зэрэг голын бохирдол, доройтол анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ мэт зөрчил, хууль бус үйлдлүүдийг цаг алдалгүй таслан зогсоож, арга хэмжээ авч чадаагүй нь хариуцлагагүй байдал гаарах нөхцөл болсон гэж үзээд ийм шийдвэр гаргажээ.
Бэлтгэсэн Н.Буян