Монголын дугуйн спортын 23 дахь удаагийн “Tour de Mongolie 2022” олон өдрийн уралдаан боллоо. Уг тэмцээнийг Ховд аймгийн 10 сумын газар нутгийг дамнуулсан нийт 860 км замд зохион байгуулсан юм. Өчигдөр өндөрлөсөн тус тэмцээнд шилдэг 12 багийн 60 гаруй тамирчин хурд сорив. Дугуйчид сүүлчийн ес дэх өдөр Дарви, Зэрэг сумын хооронд ганцаарчилсан 40 км-ийн зам туулж уралдахад С.Жамбалжамц (“Алдар”) аваргаа хамгаалж, түрүүлэв. Залуу тамирчдаас Б.Алтангэрэл (“Team Oggi”) хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Тамирчдын хувийн нийлбэр дүнгээр С.Жамбалжамц тэргүүлж, шар, ногоон, улаан цамцны эзэн боллоо. Тодруулбал, тэрбээр энэ сарын 7-нд эхэлсэн уг тэмцээний эхний өдрөөс Ховд-Эрдэнэбүрэн сум хоорондын 110, Ховд-Манханы 120, Манхан-Алтайн 190, Алтай-Булганы 85, Булган-Үенчийн 125 км-ийн өдрийн уралдаанд аваргаар тодорч, шар, улаан (уулын бариа), ногоон (талын бариа) цамц өмссөн юм. Эмэгтэйчүүдээс Ц.Солонго шилдгээр тодорлоо. Энэ удаад багийн дүнгээр “Алдар” спорт хорооны тамирчид нэгдүгээрт шалгарсан байна.