Тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн хүч зэргээс хамаараад яндангаас гарах дуу чимээ нь харилцан адилгүй байдаг аж. Тиймээс үүнийг тус тусад нь стандартчилдаг байна. Суудлын автомашины яндангаас гарах дуу чимээ 74-86 децибел (дб) байх нь хэвийн гэнэ. Харин нийтийн тээвэр буюу автобусных 80-86, суудлын автомашиных 80-88 дб байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг давсан тохиолдолд тээврийн хэрэгсэл орчны бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулдаг. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаныхан Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003 стандартын хэрэгжилтийг хангах, хэт их дуу чимээ гаргадаг тээврийн хэрэгслүүдийг тогтоох зорилгоор энэ өдрүүдэд хяналт шалгалт хийж байна. Алба хаагчид энэ сарын 3-наас хойш 328 тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамруулж, 36-гийнх нь жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авчээ. Уг шалгалт наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх нь.