Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулж, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны ИТХ-ын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн ИТХ-д нэн даруй мэдэгдэх бөгөөд ИТХ 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ” гэж заасныг үндэслэл болгожээ. Уг хуулийн 64.2- т Засаг даргыг огцруулах талаар тусгасан бөгөөд “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж заасан байна.
Бэлтгэсэн Б.Уран