Улаанбаатар хотын төвлөрөл, хүн амын бөөгнөрөл толгойны өвчин болсон үеэс эхлээд л манай Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлал гэдэг зүйлийг цээжинд хоногшиж, “аманд ортол” ярьж байна. Ингэснээр дөрвөн уулын дунд чихцэлдэж ядсан бөөгнөрөл задарч, Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарч, эсрэгээрээ нийслэлээс гадагшаа гарах урсгал нэмэгдэнэ гэж тооцоолдог. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр цөөнгүй ажил хийж, аймаг, сум хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр олныг хэрэгжүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан (өдгөө Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдсөн), Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэргийн бодлого, үйл ажиллагааны тэргүүнд ч дээрх зорилго эрэмбэлэгдэж байв. Харамсалтай нь, манай улс бүсчилсэн хөгжлийн жишиг загвар болох хэмжээнд орон нутгаа жигд өөд нь татаж чадаагүй. Цахим дэд бүтцэд холбогдоогүй, нүхэн жорлонгоосоо ангижраагүй, уурын зуухнаасаа салаагүй сургууль, цэцэрлэгтэй, ажлын байр хомс, ахуй амьжиргаа залгуулах боломж хязгаарлагдмал, залуучуудын олонх нь амьдралын эрхээр хот суурин бараадсан, эзэнгүй, эл хуль оргисон сум өчнөөн. Дээрээс нь монгол хүний барьцамтгай, өнгөтэй өөдтэй, сайн яваа нэгнийг үзэж чаддаггүй, хэт нутгархаж, жалга довны үзлээр аливаад ханддаг байдал сумдаас “нэвт ханхалсаар” байна. Орон нутаг хөгжихгүй байгаагийн бас нэг гол шалтгаан нь энэ гэлтэй.
Үүнийг батлах хамгийн сүүлийн жишээ бол дуучин гэх тодотголоороо олонд танигдсан нэгэн бүсгүйг орон нутгийн хэсэг бүлэг иргэд гадуурхан хөөсөн явдал. Тэрбээр цахим сүлжээнд олон дагагчтай, нөлөө бүхий, үзэл бодол, дуу хоолойгоо харьцангуй нээлттэй илэрхийлдэг нэгэн учраас тулгамдсан асуудлаа олон нийтэд ил болгов. Монголчууд л болсон хойно түүний дэвшүүлсэн асуудалд бус, хувийн амьдралд анхаарч, хов жив болгоод өнгөрсөн. Угтаа үүний цаана “Манай сумд, миний нутагт гаднын хүн суурьшиж, сайхан амьдарч болохгүй. Бидний боломж хумигдана” гэсэн аминч, барьцамтгай, нутгархаг үзэл л дүрэлзэж буй юм. Өрхийн бизнес эрхэлдэг, тэндхийн цөөн боловч иргэнийг жил бүр цалинжуулж, ажлын байраар хангадаг хүн сумд нь төвхнөвөл орон нутгийн хөгжилд, иргэдийн ахуй амьжиргаанд л нэмэртэй сэн. Гэвч тус сумын зарим иргэн үүнийг байж боломгүй явдал мэт хүлээж авч, “Бидэнд боломж олгохгүй байж хаа хамаагүй газраас ирсэн хүнийг харж үзлээ” хэмээн орон нутгийн удирдлагадаа зарга мэдүүлж, бөөн сенсац тарьсан байдаг. Үүнтэй төстэй өөр нэг жишээ бий.
Орон нутагт, тэр дундаа сумдад ямар таатай нөхцөл, боломж байдгийг сурталчлах зорилготой, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч нэгэн гэр бүл нийслэлээс холгүй сумд төвхнөсөн юм. Хосууд тийшээ яагаад нүүх болсон, газар хэрхэн авсан, хашаа, байшингаа ямар өртгөөр босгосон, хэрэглээний зардлаа яаж хэмнэдэг гээд хүмүүсийн мэдэхийг хүссэн, шаардлагатай мэдээллүүдийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээдэг байв. Тогтвор суурьшилтай амьдрах газраа сонгохын тулд сайтар судалж, төлөвлөсний үндсэн дээр нүүсэн хэмээн ярьж байсан эл гэр бүл нэг л өдөр өөр тийшээ шилжсэн. Тухайн сумд амьдардаг, ойрын эх сурвалжийн ярьснаар бол тэд мөн л нутгийн иргэдийн хэл ам, дарамт, шахалтаас болж “дүрвэжээ”. Хувийн амьдралыг нь хүртэл элдвээр ярьж, муучлах болж. Иймийн тул тэд арга буюу баруун аймгийг зорьжээ.
Бас нэг “хачирхалтай” жишээг эш татъя. Хар тамхины хэргээс болж “аавын хаалга” татсан залуу зүүн аймгийн нэгэн сумд гэр бүлээрээ нүүн очжээ. Тэрбээр сумын төвөөс алслагдмал газарт мал адгуулж, амьдардаг аж. Тухайн айлыг нүүж очсоноос хойш ойр хавийнх нь малчид сумынхаа захиргаанд байнга гомдол мэдүүлэх болж. “Үе удмаараа амьдарч ирсэн газрыг минь булаах гэлээ. Бэлчээр, ус мундсан биш, яагаад заавал энд ирдэг юм бэ. Хэн зөвшөөрөл олгосон бэ” гэхчлэн хэрүүл шуугиан өдөөх болж. Төрийн байгууллага, худалдаа, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд, фэйсбүүк дэх сумын бүлгэмд санал бодлоо бичихэд нь хүртэл иргэд илт эсэргүүцэх, дургүйцэх хандлага гаргадаг байжээ. Зарим нь бүр холбогдсон хэргээр нь давхар “яллаж”, нэр хоч оноосон гэнэ. Түүний эхнэр “Эхний жил үнэхээр хүнд байсан. Юу юугүй л буцаад нүүчихмээр санагддаг байлаа. Манай сум байгалийн баялаг ихтэй, тэр хэрээр түүнд нь шунасан хүмүүсийн цуваа тасардаггүй учраас иргэд нь өөр нутгийнхныг таатай хүлээж авдаггүй” хэмээн зөвтгөж ярьсан юм. Саяхан тус сумын түүхэн ойн баяр тохиоход өнөөх ад үзэгддэг залуу хувийн зардлаараа баахан урлаг, соёлынхныг аваачиж, тоглолт зохион байгуулсан аж. Иргэдийн хэлж буйгаар ойн арга хэмжээ хариуцсан комиссынхон түүнд тийм даалгавар оноосон юм байх. Орон нутгийнхантай хэл амаа ололцох, тэдэнд ая тал засах боломж гэж ухуулсан гэлцэх. Угтаа бол тэрбээр хэнд ч өргүй билээ. Харин тус сумын иргэд тэгж боддоггүй бололтой.
Үүнтэй ижил жишээ дурдвал өчнөөн байна. Бид “Сумд эзгүйрлээ. Бууриа сахисан хэдэн өвгөчүүлээс өөр хүнгүй боллоо” хэмээн асуудал дэвшүүлж, гомдоллохоос илүү “Тэнд яагаад хүн тогтохгүй байна вэ”, “Орон нутгийн хөгжилд юу тушаа болж байна вэ” гэдгийг ул суурьтайгаар бодох цаг болжээ. Уул уурхайн компаниуд гэхээр л бүгд байгаль сүйтгэгч, Монголын баялгийг цөлмөгч гэж өрөөсгөл өнцгөөс хардаг, малчид нь нутгаа хамгаалах нэрийдлээр юу юуны туханд хүрэлгүй буу шийдэм агсахаа урьтал болгодог хандлагаасаа салсан цагт сумд хөгжинө. Өөр нутгаас ирсэн иргэдийг амьдрах газаргүйдээ, арга ядсандаа хаяа бараадаж буй гуйлгачин мэт үздэг, эсвэл өөрсдийнх нь ашиг орлого, амьжиргаа залгуулдаг хэдээс нь хумслах гэж байгаа юм шиг хүлээж авдаг аминч сэтгэлгээнээсээ ангижирсан цагт орон нутаг жинхэнэ утгаараа хөгжинө, хөдөөг зорих хүмүүс ч олширно.
Уг нь хуулиараа бол Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй. Тийм ч учраас Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл, шилжилт хөдөлгөөн тасардаггүй. Гэвч орон нутаг, тэр дундаа сумд руу “явах” зам түмэн саадтай хэвээр. Хэдийгээр Засгийн газар орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд анхаарч буй ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Сүүлд гэхэд Ерөнхий сайд хөдөө, орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэх, ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлэх, нэг удаагийн тэтгэмж олгох шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгасан. Хэрэв бид хөдөөг хөгжүүлье, нийслэл хэмээх их айлын нөхцөл байдал, тулгамдсан асуудал (замын түгжрэл, орчны бохирдол, эрчим хүчний хангамж гэх мэт олон зүйл бий)-ыг одоогийнхоос дордуулахгүй байлгая гэвэл хотоос гадагшаа гарах “үүд”-ийг нээх шаардлагатай. Иргэдэд хаана ч хөдөлмөрлөх, амьдрах эрх тэгш боломж, сонголтыг бий болгох ёстой. Үүний тулд орон нутаг дахь хүнд суртал, ялгаварлан гадуурхалт, нутгархаг үзлээс улбаатай бугшмал хандлагыг нэн түрүүнд халах хэрэгтэй санагдана. Наанадаж тухайн сумын удирдлага, захиргааны байгууллагынхны хандлагыг зөв тийш нь чиглүүлмээр. Ингэж чадахгүй бол иргэдэд хэчнээн их мөнгө, байрны урьдчилгаа амлаад ч нэмэргүй шүү дээ.