Дархан-Уул аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын дугуйн холбоо, “Дугуйтай Дархан” спорт клуб хамтран “Дархан-88” уулын дугуйн наадмыг энэ сарын 20-нд зохион байгуулах нь. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлогыг дэмжих зорилгоор санаачилсан уг наадамд оролцогчид өсвөр үе, сонирхогч, элит гэсэн гурван төрөлд өрсөлдөх боломжтой. Өсвөр үеийнхнийг дотор нь 14-16, 17-19 нас гэж ангилжээ. Харин сонирхогчдын уралдааныг илүү өргөн хүрээнд явуулах үүднээс 20-29, 30- 39, 40-49, 50-иас дээш гэсэн ангилал тогтоосон байна. Дарханчууд уг спортын наадмыг орон нутгийнхаа брэнд арга хэмжээ болгож, сурталчлах зорилготой гэнэ. Тиймээс энэ жилээс Улаанбаатар хот болон ОХУ-ын Буриад улсаас дугуйчдыг оролцуулахаар шийдвэрлэжээ.