Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг нүхэн жорлон ашиглахыг хориглолоо. Стандартын шаардлага хангахгүй ийм байгууламж хөрс, ус бохирдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог учраас БОАЖ-ын сайд үүнийг хэрэглээнээс халах чиглэл бүхий албан даалгавар гаргажээ. Ийм жорлонтой газруудад ирэх арваннэгдүгээр 1-нээс өмнө стандартын шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, эко, нийтийн ариун цэврийн байгууламжтай болох шаардлагыг БОАЖЯ-наас хүргүүлсэн бөгөөд “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци”, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагыг уг албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгчээ.
Стандартын бус жорлон ашигласны улмаас үүссэн байгаль орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авах ажлыг мөн дээрх хоёр байгууллагад хариуцуулсан аж. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр иргэд, үйлчлүүлэгчид шатахуун түгээх станц (ШТС)-уудын бие засах газраар чөлөөтэй үйлчлүүлэх боломж бүрдэх нь.