“Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн Спортын төв ордонд маргааш эхэлнэ. Энэ нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд ирэх 21-нийг дуустал үргэлжлэх юм. 15 орны 140 гаруй тамирчин үүнд оролцохоор мэдүүлгээ ирүүлснийг Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэв. Тухайлбал, манай тамирчдаас гадна Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапурын бадминтончид ур чадвараа сорих нь. Эл тэмцээн нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хос, холимог хос гэсэн таван төрөлтэй байх аж. Үүнээс өмнө 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг манай улсад зохион байгуулж байжээ.