Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн инженерийн дэд бүтцийн ажлыг өнгөрсөн баасан гарагт эхлүүлэв. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо. Ерөнхий сайд “Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, Багануур, Налайх дүүргийг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин, дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ суурьшлын төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр ложистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой” гэв.
Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй бөгөөд эл бүтээн байгуулалтын хүрээнд эхлээд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлж буй. Тус арга хэмжээнд хувийн хэвшлийг төлөөлж “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаагаа дуулгав.
Бэлтгэсэн У.Наран