Горхи, Тэрэлжид, хатан Туулын хөвөөнөө монголчууд юугаар баян, түүнийгээ дэлгэсэн, таниулсан, гайхуулсан соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” наадам болов. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээг энэ жилээс дэлхийн соёлын наадам хэмээн тодотгосон байлаа. Наадмын үеэр манай улсын бүхий л аймаг, мөн нийслэл, дүүргийнхэн соёлын ямар өв тээн, амьдрал ахуй, ажил хэрэгтээ одоо ч ашиглаж, түгээн дэлгэрүүлж байгаагаа танилцуулж, сурталчлав. Энэ гурван өдөрт нийслэлчүүд, жуулчид ч наадмыг олноор зорьж очин сонирхлоо.
Эхний өдөр наадмын үйл ажиллагаа өглөө эртлэн эхэлсэн. Харин нээлтийг 14.00 цагт зохион байгуулж, албаны хүмүүс үг хэлж, мэндчилгээ, дуу хуур боллоо. Хоёр дахь өдөр нь шиврээ бороон дунд “Нүүдэлчин” наадмыг зорьж очсон юм. Хувийн тээврийн хэрэгслийг хашаа руу оруулахгүй, харин “Оролцогчдын” гэсэн хаягтай жижиг шар автобусаар наадамчдад үйлчилж, шавар шавхай дундуур хүмүүсийг нааш, цааш зөөж тус болж байв. Түүнд суугаад орчин тойрныг ажиглан, Туул гол өгсөж, аймгуудын гэр хүрээ рүү явах зуур дэгсдүүлж хэлбэл марзан хэмээх Б.Шаравын “Монголын нэг өдөр” зураг дундуур туучиж байх шиг санагдсан.
Нэг хүн үхэр тэргээр наадамчдыг дөхүүлж явав. Тэрэгний дугуй газрын энхэл донхлын хэрээр займчихад хүүхдүүдээ тэврэн суугаа залуу хосын царайд “Яана аа, ингэж байгаад шавар луу уначихвал баларлаа шүү” гэсэн болгоомжлол илт. Харин дэрсхэн гурван хүүхэд нь инээж, хашхичин ёстой нэг жаргалаа эдэлж байв. Үхэр тэрэгчин хажуугаар явах хүмүүст хандан “Холдоорой, тоормос байхгүй шүү” хэмээх нь хөгжилтэй.
Гүүн зэл таарав. Унаганууд уяатай, газар нойтон болохоор хэвтэх аргагүй тул бага зэрэг дагжисхийсэн янзтай толгой унжуулан зогсоно. Эх нь хажууд нь. Харин бусад адуу нь тэднээс холгүйхэн газар зулгааж харагдана. Цаахна нь сарлагууд байна. Заримыг нь хүмүүст унуулж байгаа юм болов уу, тохоштой байлаа. Хоёр сарлагт гэр бараа ачжээ. Тэднийг өнгөртөл тав, зургаан тэмээ уяатай байх аж. Ганц ботго нь зогсоо зайгүй буйлна. Жиндэж даараа юм болов уу, аль эсвэл өлсөж цангав уу. Юутай ч “Нүүдэлчин” соёлын наадам түүний хувьд нэгэн төрлийн шийтгэл болсон бололтой. Аймгуудын гэрүүдийн хажуугаар өнгөрөх зуур Хөвсгөлийнх гэдэг нь андашгүй хүрээ харлаа. Хөвсгөлчүүд цаатан ястнуудынхаа гэр урцаар гангарчээ. Хоёр урцны завсраар цаа буганууд харагдлаа.
Туул голын эрэгт адуун сүрэг, цөөн хэдэн үхэр идээшилнэ. Наахна нь залхуурсан янзтай хоёр нохой хэвтэнэ. Нэг нь бие томтой, сүүл сагсгар юм билээ. Тэр лав дөрвөн нүдтэй банхар байх. Энэ мэтийг ажиглаж явахдаа нийслэлээс уг наадам болж буй газар очих гэж дөрвөн цаг түгжирснээ мартан, сэргэчихсэн байв. Наадамчдыг зорьсон газарт хүргэсэн шар автобусны жолоочид талархал илэрхийлээд, нэг захаас нь шүүрдэж, аймгуудын гэрээр орж, дэлгэсэн бүхэнтэй нь танилцлаа. Модон болон зөөврийн хуванцар жорлон харамгүй олныг эгнүүлэн тавьсан нь наадамчдын сэтгэлд ихэд нийцтэй байв.
Хүрээний эхэнд наадмын талбай засжээ. Энд бөхчүүд барилдах ёстой байсан бололтой. Гэсэн ч бороотой учир тэнд хэн ч байсангүй. Цаана нь оролцогчдын хоолны газар байлаа. Танил уран бүтээлчид хооллож, ундлаад гарч явахтай таарав. Хоол дажгүй гэнэ. Тэндээс доошлоод хүрээний хамгийн эхний гэр лүү орох гэтэл үндсэндээ хөл тавих зай алга. ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах төвийнхөн “Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс-Нүүдэлчин Монгол” хурал зохион байгуулж буй нь тэр аж.
Дараа нь “Уламжлалт арга ухаан” гэсэн хаягтай гэр лүү орлоо. Нэрмэлийн үнэр ханхийх ч шиг. Үнэхээр тогоо нэрж байв. Чойжин ламын сүм музейнхэн “Уламжлалт арга ухааны ай” дахь 45 өвийг тээгчид, түгээн дэлгэрүүлэгчид энэ өдөр монголчуудын хар идээ гэж нэрлэдэг архийг хэрхэн бэлтгэдгийг үзүүлж байлаа. Харин өчигдөр буюу наадмын гурав дахь өдөр улаан идээ болох махыг чанаж, боловсруулдаг уламжлал, технологийн талаар таниулна гэж байв. Энэ айлын цайг бас онцолмоор санагдсан. Идээ нь Булган аймгийн Хангал сумын I багийн иргэн Б.Мөнхнямын гарын, “ХанГалтай” брэндийн улиангарын навч нахиатай цай аж. Тэрбээр уламжлалт цай бэлтгэж, хэрэглэх гар аргын технологийг өдгөө 88 настай аав Д.Баянзулаас өвлөн авсан байна. Цай үхрийн нүдний, сөд өвсний гэх зэрэг таван янз юм билээ.
Орхон аймгийн гэрт онцлох өвөрмөц зүйл олон байлаа. Гангаар урласан адууны тамга, тулга, дөрөө байна. Мэдээлбэл зохих бас нэг бүтээгдэхүүн байсан нь шагай харвааны иж бүрдэл юм. Урлаач эмэгтэй “Үндэсний баяр наадмын албан ёсны бүрэлдэхүүн хэсэг болоод удаж буй шагайн харвааны спортынхон иж бүрдэл хэрэглэлтэй байх ёстой гэдгийг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Ноосон ширмэлээр ширдэг, олбог, өвдгөвч гээд бүхнийг урладаг” гэв. Дорноговь аймгийн гэрүүдийн гадаа концерт тоглож байв. Уг нь аймгуудын соёлын биет бус өв тээгчид, уран сайханчдын тоглолтыг цаг цагийн зайтай тайзан дээр үзүүлэх байсан ч бороо зогсох янзгүй болохоор нь гэрүүдийнхээ хажууд дуулж, хуурдаж буй нь тэр юм. Мөн Хөвсгөл аймгийнхны авчирсан урц болон гадаа уяатай цаа буганууд “Нүүдэлчин” хэмээх дэлхийн соёлын наадмын нэрийн хуудас болмоор ховор, сонин үзмэр байлаа. Энэ мэтчилэн тоочих аваас аймаг, дүүрэг, байгууллага бүрийн танилцуулсан соёлын биет бус өв, түүнийг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж, сурталчлагчдын авчирч харуулсан бүхэн онцгой содон, бахархам, хайрлам ажгуу.
Наадмыг үзэж сонирхохоор очсон нийслэлчүүд болж л өгвөл худалдааны асар бүрээс ямар нэгэн зүйл авч, өвлөн тээгчдийг дэмжихийг хүсдэг нь илт байсан. Сэлэнгэ аймгаас ирсэн, төрөл бүрийн суран эдлэл хийдэг Баяраа наадмын үйл ажиллагаанд сэтгэл ихэд хангалуун байлаа. Тэрбээр “Сураар сүлжиж хийсэн, эмэгтэй хүний толгойн гоёлоо бүгдийг зарсан. Өчигдөр 10-ыг, өнөөдөр есийг борлууллаа. Хүмүүс хазаар, ногт, чөдөр, ташуур бүгдийг сонирхож байна” хэмээв.
Гэрэл зургуудыг Э.Харцага