Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Сүүн зам” бүжгийн наадам энэ сарын 22-нд Төв талбайд болно. Токүшима хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, “Хүн” театр хамтран зохион байгуулах эл арга хэмжээ нь япон, монгол үндэсний бүжгийг дэлгэрүүлэх, урлагаар дамжуулан тухайн улсын түүх, өв соёлыг сурталчлах зорилготой юм. Тус наадмын хүрээнд олон нийтийн сүлжээнд өрнүүлж буй “Сүүн зам” уриалгад ЦЕГ-ын “Сүлд” чуулга, ЦДБЭЧ, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Үндэсний урлагийн их театр, Монголын хүүхдийн ордон, “Сарны бүжиг” клуб зэрэг 15 байгууллагын бүжигчид нэгдээд байна.