Суурьшлын бүс эрчимтэй тэлж буйтай холбоотойгоор нийслэл дэх зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, золбин нохдод бариулах, төмөр хашаанд сүлбүүлэх зэргээр эрсдэлд орох болсон. Тухайлбал, ийм байдлаар хамгийн их хорогдсон амьтан бол тарвага. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газрынхан хүн амын төвлөрөл их, суурьшлын бүс дэх тарвагануудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тус газрын мэргэжилтнүүд энэ зун Зоонозын өвчин судлалын үндэсний төв, “Агнуурын менежментийн тэх төв” төрийн бус байгууллагатай хамтран Сонгинохайрхан дүүргийн 24, 42, Чингэлтэйн 17, 19, Сүхбаатарын 24, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Дээндийн нуруунд 100 тарвага нутагшуулжээ. Тарваган тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс өвчний голомтгүй бүсүүдийг сонгож, энэхүү ажлыг зохион байгуулсан байна. Шилжүүлэн суурьшуулсан тарваганууд шинэ нутагтаа хэрхэн дасан зохицож байгааг тандах зорилгоор байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж буй гэнэ.