Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээг цахимжуулжээ. Мөн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, цахимжуулах чиглэлээр ажиллаж буй аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч тусгай зөвшөөрлийг энэ онд багтаан “E-Mongolia” платформд нэгтгэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч замын төлбөр авах цэгүүдийг цахимжуулах гэнэ. Тэрбээр “Өдгөө төлбөр хураах 35 цэг байдаг ч орлого нь тодорхойгүй. Жил бүр зам ашигласны төлбөрт 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар энэ орлого 30 хувь буюу есөн тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Цахимжуулахдаа QR код уншуулах, эсвэл картаар төлбөр хийдэг зохион байгуулалттай болгохоор ажиллаж байна. Үүнд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй” гэв.
Бэлтгэсэн Б.Уран