Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/-ын “Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол энэ сарын 18-нд боллоо.
Санамж бичигт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ча Дун Хён нар гарын үсэг зурж, хоёр орны газрын тосны чанар, стандарт, хяналтын тогтолцооны чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжын талаар санал солилцлоо.
Санамж бичгийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, туршлага солилцох, мэдээллийн санг бүрдүүлэхэд технологийн чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх юм. Мөн сургалт семинар зохион байгуулах, БНСУ-ын газрын тос боловсруулах, газрын тос-химийн үйлдвэрлэлтэй холбоотой техник, технологийн талаар мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.
Ташрамд дурдахад, Ашигт малтмал, газрын тосны газар болон К-Петро байгууллага 2017 онд хамтран ажиллаж эхэлснээс хойш АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хүчин чадал, чадавхийг бэхжүүлэн, тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийж, туршлага солилцох сургалт, семинар зохион байгуулсан байна. Мөн Монгол Улсын Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын КОЙКА байгуулага 2021 онд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын тогтолцоог бий болгох” төслийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагааны гүйцэтгэгчээр К-Петро ажиллаж байна