Цар тахал, улс хоорондын сөргөлдөөн,дайн зэргээс улбаатайгаар олон улсын аялал жуулчлал “царцанги” байдалтай буй. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан энэ оны эхний хагасын тайлан, статистикаас харахад, аялагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.2 дахин өссөн ч цар тахлын өмнөх түвшинтэй (2019 он) харьцуулахад 54 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй хязгаарлалт, хориг олон улсын аялал жуулчлалын уур амьсгалд өнөө хэр
нь нөлөөлсөөр буй учраас улс орнууд шинэ гарц эрэлхийлж, аяллын коридор, маршрут бий болгон, боломжит зах зээл рүү чиглэсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлэхийг эрмэлзсээр. Манай улс гэхэд яг ийм бодлого баримталж, удаан хугацааны хямралд өртсөн “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбараа дэмжихийг зорьж буй. Үүний үр дүн ч эхнээсээ гарч байна.
Монгол орныг зорин ирдэг жуулчдын урсгал Орос, Хятадаас ихээхэн хамааралтай. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд хөрш улсууд агаарын болон авто тээврийн хязгаарлалт тогтоосон. Хойд хөршийн хувьд олон улсын хоригт орсон. Үндсэндээ Оросоор дамжин манай улсад ирдэг европ жуулчдын урсгал хаагдсан гэсэн үг. Тиймээс Монголын хувьд хамгийн ашигтай чиглэл, аяллын коридор үүсгэх тохиромжтой бүс, зорилтот зах зээл нь Япон, БНСУ болж таарсан. Тэр ч үүднээс Засгийн газар солонгос жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Нэн тэргүүнд тэднийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Монголыг сурталчлан таниулах зорилго бүхий өдөрлөг, форум, үзэсгэлэн, худалдааг тус улсын томоохон хотуудад үе шаттай зохион байгууллаа.
Монголын аялал жуулчлалын холбоо, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ Сөүл, Чэжү хотын аялал жуулчлалын холбоодтой хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав. Чэжүгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Бү Дунг Сог “Монголд жил бүр нэг сая солонгос жуулчин аялуулна” гэсэн том амлалт өгөөд буцсан. БНСУ-ын нийслэл хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал, 37 дахь удаагийн Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, худалдаанд манай улсын тур операторууд эх орноо сурталчлан оролцлоо. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй албаны хүмүүс ч “Гуулин” улсад урилгаар хэдэнтээ очив. Үндсэндээ манай улс солонгос жуулчдыг татах зорилго бүхий олон ажлыг асар богино хугацаанд амжууллаа. Ялангуяа гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг завсар чөлөөгүй хийв. Ирэх сарын эхээр гэхэд л манай улсад “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” болно. Үүний дараа “Chul soon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнтэй. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чол Суныг Монголд урьж авчирсан нийслэлийн Аялал жуулчлалын газар энэхүү тэмцээнийг санаачилсан юм.
Хамгийн гол нь дээрх шийдвэр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд манай улсыг сонирхох, зорих солонгосчуудын тоо эрс нэмэгдээд байна. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас мэдээлснээр энэ оны эхний долоон сард Монголд 121 741 жуулчин иржээ. Үүний 56 714 буюу 46.5 хувь нь оросууд бол 21 913 буюу 18 хувь нь солонгосчууд. Хамгийн олон жуулчин “илгээсэн” хоёр орны нэг нь БНСУ болов. Цаг хугацааг нь харвал зургадугаар сард 8841, түүний дараа сард 13 072 солонгос аялагч иржээ. Тус улсын иргэдийг визгүй зорчуулах шийдвэрийг Засгийн газар тавдугаар сард гаргасан. Тэгэхээр түүний дараа сараас эхлээд “тэсрэлт” болсон гэсэн үг. Цар тахал дэгдэхээс өмнөх үе буюу 2018 оны эхний долоон сард Өмнөд Солонгосоос 20 019, 2019 онд 23 585 жуулчин ирж байж. Дунджилбал сард 2859-3369 аялагч зочилсон болж таарч байна. Харин энэ онд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, Монгол Улс хилээ нээснээс хойших хоёрхон сарын хугацаанд л 22 мянга орчим аялагч ирсэн аж. Багцаалдвал өдөрт 365 жуулчин манай улсын хилээр нэвтэрсэн байх нь. Энэ бол яалт ч үгүй “том” үзүүлэлт.
Монгол Улс солонгосчуудад үүдээ чөлөөтэй нээснээс хойш тус улсад алдартай, олны танил хүмүүс ч манай орныг сонирхож, хөл тавих болов. “Youtube”, “Instagram” зэрэг цахим сүлжээнд олон мянган дагагчтай, нийгэмд нөлөөлөл бүхий хоёр аялагч өнгөрсөн сард манай улсад ирсэн. Тэд аяллынхаа тэмдэглэл бүхий дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, Монголын өнөөгийн дүр байдлыг тэр чигээр нь уудлан гаргалаа. Стандартын бус ариун цэврийн байгууламж, галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдал гээд аялал жуулчлалын салбарын тушаа болсон асуудлуудыг илчилсэн. Гэхдээ ерөнхий хандлагыг нь ажвал манай улсын талаар эерэг сэтгэгдэл давамгайлж байна билээ. “Youtube” хуудсанд 422 мянган дагагчтай, дэлхийн олон орноор үүргэвчтэй аялсан солонгос залуу элэг нэгтнүүдээ нүүдэлчдийн нутагт хөл тавихыг уриалаад, “Аялах нөхцөлийг нь бүрдүүлчихвэл Монголд олон жуулчин ирнэ” гэж хэлнэ лээ. Бид үүнийг доромжлол гэж харахаас илүү бодитой шүүмжлэл гэж хүлээж авч, алдаа дутагдлуудаа засаж сайжруулахад анхаарах хэрэгтэй юм. Цаашлаад тэдний онцлог, хүсэл сонирхолд нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, хөгжүүлэх нь чухал.
БОАЖЯ энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын шинжээч С.Болормаагаас тодруулахад “Бид Япон, Солонгос, Америкийг ойрын жилүүдийн гол зах зээл гэж харж байгаа. Гэхдээ өнөө жил БНСУ руу чиглэсэн шийдвэрүүдийг түлхүү гаргаж, хэрэгжүүлж буй. “Солонгосчуудад зориулж ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болго, худалд” гэж тур операторуудад шууд тулгах боломжгүй учраас саналын түвшинд зөвлөмж хүргүүлж байна. Яамны зүгээс солонгос жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийг зорьж буй учир та бүхэн ч энэ чиглэлд анхаараарай гэдэг байдлаар мэдээлэл хүргэдэг. Европ, Азийн олон орны зах зээлээс жуулчин хүлээж авдаг байсан компаниудын дийлэнх нь хөтөлбөрөө хөрвүүлж, солонгос жуулчдад зориулсан үйлчилгээг санал болгож эхэлсэн. Манай газар жуулчдын статистик, мэдээллийг тогтмол хянадаг. Үүнд үндэслээд тохиромжтой арга хэмжээнүүдийг тухайн цаг үед нь авч хэрэгжүүлэхийг хичээдэг. Нислэгийн давтамж нэмэгдүүлэх, визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрүүдийг ийм судалгаанд үндэслэж гаргасан. Япон жуулчдын хувьд тал газар үзэх, гараг эрхэс ажиглах, хөдөөгийн буйд нутагт амрах нийтлэг сонирхолтой байдаг бол солонгосчууд Монголын байгалийг харах, нүүдэлчдийн өв соёлтой танилцахыг эрмэлздэг. Аялал жуулчлалын компаниуд үүнийг харгалзах хэрэгтэй” гэсэн юм.
Ази жуулчид бүлэглэн аялдгаараа онцлог. Тэр дундаа хятад, солонгосчууд ийм хэлбэрийн аяллыг олон улсад түгээж, сурталчилдаг гэдэг. Эдгээр улсын жуулчдыг татахын тулд зарим орон зөвхөн тэдэнд зориулж, тусгай хөтөлбөр, маршрут бий болгодог талаар нэгэн судлаач ярьж байв. Бид нэгэнт энэ их урсгалыг нааш чиглүүлж чадсан тул цаашид үүнийгээ бөхлөн тогтооход анхаарах хэрэгтэй санагдана. Солонгос жуулчид ямар төрлийн аяллыг илүү сонирхдог, юу худалдаж авдаг, аль маршрутыг сонирхож байна вэ гэдгийг судалж тандан, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үүний дагуу боловсронгуй болгож, хөгжүүлбэл зохистой.