Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна.
Тэрбээр, Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. 2022 оны төгсгөлөөр нэмж 600 орчим үйлчилгээг И-Монголиад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр төрийн 1200 орчим үйлчилгээ И-Монголиагаар дамжин иргэдэд түргэн шуурхай, авлигагүй, хүндрэлгүйгээр гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлнэ.
Мөн Уул уурхайн салбарын лиценз олголтыг цахимд суурилсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13000 лиценз олгогдсон. Энэ лицензийг хэн авсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, олборлолт хайгуул хийсэн эсэх нь тодорхойгүй байв.
Уул уурхайн салбар манай эдийн засгийн томоохон салбар. Тиймээс энэ салбарын далд наймаа гэгдэх лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно.